Гуйя...Халуун амиа хайрлацгаая

Хямдхан амь, хайран амьдрал вэ гэж халаглаж сууна. Хэнийг хохироох гэж алтан амиа хорлоно вэ?. Эцэг, эхийнхээ элгийг эмтэлж, сэтгэлийн сэмрээх гэж хүн болж төрөөгүй нь лавтай. Зүүний үзүүр дээр арвай тогтохын дайтай хүмүүн заяанд залардаг гэлцдэг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт гурван залуу амиа хорлохоор завдсаны хоёр нь харамсалтайгаар хорвоогоос дэвшив... Мөрийтэй тоглоом, хүчин харин нөгөөх нь өрөнд орсон гэх. Өөрийгөө Төв талбайд шатаасан залуу одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явуулж буй.
Хоёр долоо хоноийн хайр дурлалаас болоод найз бүсгүйтэйгээ үл ойлголцсоны улмаас нэгэн залуу бас л харамсалтай замыг сонгож, амиа егүүтгэсэн...
Эцэг, эхчүүд бид хүүхдүүдээ сэтгэлийн тэнхээтэй, аливаа асуудлын гарц гаргалгааг олдог. Сайн хийгээд саарыг ялгадаг. Хэцүү зүйл тохиолдоход хамгийн түрүүнд аав, ээж, ах, дүүдээ хэлдэг болгож өсгөмөөр байна. Хүн л юм чинь алдана, ононо. Хэцүү үе хэдэн мянгаараа тохиолдоно. Тэр бүхэнд тэсээд тэвчээд гарчих сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй байна. Хэн ч чамайг ойлгохгүй юм шиг санагдвал сэтгэл зүйч дээр очиж мэргэжлийн зөвлөгөө ав. Хэцүү үе ард өнгөрч харин чамайг сайхан зам угтана. Муу бүхнээс холуур яв...
Өнгөрсөн сард өрөнд орлоо гээд гурван нялх үрээ орхиод амиа хорлосон эмэгтэйн гашуун түүх... Хүүхдүүдийнх нь нулимс хэзээч хатахгүй. Ээжийгээ үгүйлсэн хайраар дутсан урт өдрүүд... Амиа хорлолоо гээд асуудал дуусахгүй. Ард чинь үлдсэн хүмүүс үргэлж гуниг гомдол, нулимсны гашууныг амталж амьдардаг юм шүү. Тиймээс муу бүхнээс холуур байя. Асуудлыг шийддэг  эсвэл шийдэлцдэг нэгэн байгаарай. Амьдаа бие биенээ хайрлацгаая.