Би байдаг л эмэгтэй...

Би байдаг л эмэгтэй... Гурван хүүхэд төрүүлсэн 30 гаруйхан настай залуухан эмэгтэй. Монголын мянга мянган үрээрээ гоёсон эгэл жирийн эзэгтэй нарын төлөөлөл. Аз жаргалтай амьдрал бүтээхийн тулд  өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллаж, үр хүүхдэдээ анхаарал тавьж хайр халамжаар дутаахгүй өсгөж яваа энгийн нэгэн ээж. Бусад ээжийн адил би гэртээ таван жил хүүхдүүдээ харах хүндтэй хэрнээ хариуцлагатай албыг хашсан. Сайн ээж, хань байх гэж хангалттай хичээсэн. Нэг хийсэн ажлаа өдөр бүр давтаж хийдэг гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн жаргал зовлонг сайн мэднэ. Бүтэн нүүртэй хонож чадахгүй бүүвэй дуу аялж шөнөжин сэрвэлзэж хоночиход бүлтгэр үрийнхээ шулганах дуунаар өглөөг аз жаргалтай эхлүүлж чаддаг бид хүчирхэг ээж.

Үүрийн гэгээтэй уралдан босч үрсийнхээ ариун цэвэр сахиулхаас ажил эхэлнэ. Араас нь хооллож, хичээл сургуульд нь бэлдэж, хүргэж өгөх, буцаж ирээд бяцхан үрээ асарна. Асраад амрана гэж байхгүй. Ажил үргэлжлэдэгээрээ үргэлжлэнэ. Дуусаж дундрашгүй гэрийн ажил. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас авах. Оройн хоол. Дахин гэр цэвэрлэх, хичээл хийлгэх, маргаашдаа бэлдэнэ. Ханьдаа ч анхаарал тавьж, хувцас хунараас нь эхлээд хамаг бүхнийг нь бэлтгэж өгнө. Орой унтах гэж бас л бөөн бужигнаан. "Унтчих миний хүү, охин" гэж аргадаж гуйна. Унтахгүй бол учирлаж, уурлаж хэлнэ. Ингэж нэг амрахаар хэвтэнэ. Гэрийн жижиг боссын ааш зан сайхан байвал амрах эрх шууд нээгдэнэ. Уцаарлангуй байвал унтах эрхгүй.

Ээжүүдийн нэг өдөрт хийдэг ажлыг энд жагсааж бичвэл дуусч дундрашгүй. Хэдэн мянган удаа нэг ажлыг хийдгийг үржүүлбэл нэлээд их оронтой тоо гарна. Эмэгтэй хүн хүчтэй тулдаа энэ бүхнийг амжуулдаг. Өхөөрдөм бяцхан үрсээ бүхий л ертөнц хэмээн бахархан боддог биднийг битгий байдаг л эмэгтэй гээч. Үр өснө. Үргэлж балчраараа байхгүй. Хүссэн ажлаа хийх өдөр удархгүй ирнэ. Цаг цагаараа байдаггүй. Хэн нэгэн асуувал хамаг чангаараа хариулна. Гэртээ хүүхдээ харж эрүүл монгол иргэнийг өсгөж яваа ээж та энэ дэлхийн хамгийн амжилттай яваа бүсгүй шүү.

С.Ичинхорлоо