С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Хөдөлмөр хүнийг шагнадаг"
Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Г.Батмандалыг урьсан юм.
Есөн хүүхэдтэй айлын дунд охин тэрбээр төрөлхийн хөл муутай. Зургаан настайдаа буюу хожуу хөлд оржээ. Аавынхаа амин хайртай охин учраас үргэлж тэвэрчихсэн эрхлүүлээд явна. Хөл муутай гээд хүүхдүүд шоолно. Тэр бүхэнд эмзэглэнэ. Өвчнөөсөө шалтгаалж хичээлдээ явж чадахгүй үе олон байсан ч хүний их эмч болно гэж мөрөөддөг байжээ. "Аав ээж хоёрт минь хэлдэггүй байсан болохоос их хэцүү байсан байх. Өвчиндөө шаналж байгаа надад "Чи өөрийгөө сэтгэлээр унагаж, битгий зовоо. Учир нь чи амьд явах, амьдрах гэж ирсэн. Ирэх ирэхдээ миний охин болох гэж ирсэн. Чиний ямар байх хэнд ч хамаагүй. Өвдөх ёстой, хүүхдүүд ч намайг шоолох ёстой гэж ухаалгаар бодоод өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ өөрөөсөө асуу" гэж хэлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон үллджээ. Өвдлөө гээд шаналаад байвал бүх зүйлд бууж өгч байгаагийн илрэл. Тиймээс бүхнийг болгож бүтээх гэж өнөөдрийг хүртэл тэмцсээр явна" гэв.
Хүүхэд байхаасаа өөртэйгөө тэмцэлдэж, тэрсэлдэж өнөөдрийн урлаач бүсгүйг бүтээжээ. Хатуу ч гэсэн үг хүнийг зөв зам руу сайхан амьдрал руу хөтөлдөг гэдэгт Г.Батмандал итгэдэг. Хэн нэгэнд гомдох ч дургүй. Ээлжлэн эргэлддэг хүмүүний амьдралын жамаар хайрт эцэг, эхээсээ хагацаж, жаргал зовлонгийн эргүүлэгт хөл муутай, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ нуух гэж хичээсэн ч 2013 онд группд орсон байна. Унаж, босч, уйлж, дуулж, жаргаж зовж эмэгтэй хүн болж төрсний эрхэм дээд жаргалыг мэдэрч хоёр охин үрийн ээж болж өдгөө долоон зээгийн эмээ болжээ. Амьдрал баян гэж энэ бөлгөө.
Г.Батмандал 2015 оноос гар урлалын бүтээл хийж эхэлжээ. Үсний боолт, даруулга, хавчаар зэргийг өнгө загварын өргөн сонголттой урлав. Шүрэн урлалд шимтэн "дурлаж" салфитекны сав, даллагын уут, машины хүрд, хүүхэлдэй, толгойн гоёл, тоорцог, лаа зэргийг хийжээ. "Миний хийсэн толгойн гоёлыг зээ охин зүүж үзээд үнэхээр их баярлахыг харах сайхан санагдсан. Үсний боолтонд мөнгө зарахгүй юм байна гэж бодсон. Ах, дүү, найзууд худалдаж авч дэмжлэг үзүүлсэн" гэлээ.
Хийх тусмаа арга барилаа олохын зэрэгцээ өөр урлал руу урваж ордог нь гар урлалын онцлог. Одоогоор давсан урлалын бүтээл рүү эргэлт буцалтгүй оржээ. Оролдлого сайт оройд нь гэгчээр уйгагүй хөдөлмөрлөж, унтах нойроо хугаслан сууж, олон дахин хийсний ний нүдийг баясгахаар хийдэг болсон байна. Харахад харц булаам ч хийхэд ажиллагаа ихтэй. Хугацаа ч их орно. Захиалагчийнхаа сэтгэл ханамжийн байдлыг нэгдүгээрт тавина. Хэлбэр дүрс хийц, өнгөний өргөн сонголттой лаа хайлаад дуусдаг гэж бодохоор харамсал төрдөг гэнэ. Энэ талаар "Маш их хөдөлмөр, сэтгэл шингээж урладаг. Хэлбэртэй лаа нь харахад гоё, эрүүл ахуйн шаардлага хангасан байдаг ч хурдан урсаад дуусдаг. Тиймээс хэлбэр дүрстэй лаа гэхээсээ илүүтэйгээр гол нь таарсан бүдүүн гоё үнэртэй удаан асалттайг нь хийж зарахыг хүсдэг. Худалдан авагчдад ч тайлбарлаж өгнө" гэсэн.Өрхөөр үйлдвэр эрхэлж байгаа ч санхүүгийн асуудал түүнийг тойрсонгүй. Бичил бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл хөөцөлдөж үзсэн ч бүтээгүй байна. "Миний хийж байгаа зүйл үйлдвэрийн хэмжээнд хүрэхгүй л дээ..." гэх хэдхэн үгийг ямар их зүйлийг хийж бүтээх хүсэлтэйг гэрчлэх мэт.
Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг. Эхлүүлсэн ажилдаа эзэн болж яваа бүсгүй бууж өгөхийг хүсдэггүй. Группийнхээ мөнгийг 12 сараар нь зээлээд жижиг урлангийн өрөө түрээслээд бүтээлээ хийх зорилго тавьжээ. Одоогоор гэртээ хийж болж байгаа ч олон асуудал тулгардгийг тэрбээр нуусангүй. "Гэр орондоо хийдэг учраас хүүхдүүдэд маань хэцүү байдаг байх. Болохгүй ч болгоноо гээд зүтгэнэ. Нэг эргэлтэд орчихвол хүмүүс сонирхоод авдаг. Хямд зардаг. Хурдан эргэлтэд оруулахыг боддог. Түүхий эдийн хувьд жаахан үнэтэй ч олдоц гайгүй. Үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэх чанартай бүтээгдэхүүн хийхийг л боддог. Хүний нүд хуурч мөнгө олж болохгүй гэдэг зарчмыг баримталдаг" гэсэн юм.Урмын үг сонсдог ч заримдаа шүүмжлүүлэх нь бий. Түүний хувьд ажилдаа шүүмжлэлийг сайнаар хүлээн авч дахин алдаа гаргахгүйн тулд анхаарал маш сайн хандуулна. Давсан урлал болон лааг хийхийг заалгахыг хүссэн хүмүүст өөрийн сурсан зүйлсээ харамгүй зөвлөж, зааж өгнө. Гэр урландаа өөрийн сонирхлыг хөгжүүлж олон төрлийн гар урлалын бүтээлийг хийдэг Г.Батмандал тасралтгүй хийж хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог байна.
С.Ичинхорлоо