Голохын ДОН

Ажил голно, цалин голно, амьдарч байгаа гэрээ голно, өмсч байгаа хувцсаа голно, идэж буй хоолоо голно. Өөрийнхөө тархинд боловсруулж буй бодол санаагаа огтоос голохгүй. Илүүг хүсч, ихэрхэх хандлагаар дөвчигнөнө. Ийм хүнд мэдлэг хийгээд мэдрэмж байдаггүй. Би эго хэт ихтэй. Бүтээсэн зүйл ховорхон байдаг. Байдаг гэж бараг байдаггүй. Арван жилдээ, оюутан байхдаа "онц" сурч байсан улаан дипломтой учраас өндөр цалинтай ажилд орно гэж хийрхэж ярина. Бодит байдал дээр мэргэжлийн гэхээсээ мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлтэй, хүнлэг, алсын хараагаа тодорхойлсон ажилдаа сэтгэлтэй хүн аливаа байгууллагын үнэт "капитал" болно. Ажил голдог хүнээс амжилт байтугай аяга хоол ч "зугтаана". Энэ төрлийн хүмүүс эцэг эх болон ханийнхаа хөдөлмөрийн үр шимээс шимэгчилж амьдардаг.
Тэрбумын хөрөнгө өвлөж авсан ч өрөвдөлтэй. Утсан чинээ улаан амиа аргацаагаад аятайхан авч явж чадахгүй бусдад найдаж амьдарна гэдэг эмгэнэлтэй. Бодит жишээ дурдъя. Монголд байтугай гаднын хэд хэдэн оронд компанитай нэгэн хүүхдүүдээ их сургууль төгсөөд шалгалт өгүүлж, төрийн албан хаагч болгохыг илүүд үзжээ. Дарга биш доод шатны мэргэжилтэн. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг энгийн нэг ажилтан. Хөдөлмөрлөж босгосон хөрөнгөөрөө хүүхдүүдээ туйлуулахыг хүсээгүй хэрэг. Өөрийнхөө амьдралын жаргал зовлонг өөрөөр нь үүрүүлж яваа нь энэ. Хүүхдүүдээ хайрласан хайр, хариуцлагатай хүн байлгахыг илүүд үзсэн нь тэр. Духанд нь үрчлээ суучихсан санчиг нь бууралтсан эцэг, эхийнхээ тэтгэврийн хэдэн төгрөгөөр тэжээлгэж байгаа хүмүүс л байх юм. Гуйж авдаг нь байхад хулгайлж, айлгаж сүрдүүлж авдаг нь бий. Харамсалтай. "Би бусдаар тэжээлгэх дургүй" гээд тэргэнцэртэй хүн ажил хийж явааг харж л байлаа. Эрүүл саруул Та хөдөлмөр эрхлэхгүй хүний хөлс хүчээ олсон бүхнийг үгүй хийж хэрхэвч болохгүй. Цалин их, багадаа биш. Ажилтай хүн амьдардаг нийгэм.