Яг одоо явмаар байна

Яг л одоо. Явмаар байна. Явах, явахдаа нутгийн зүг хүлгийн жолоо залж, хөдөөгийн сайхан агаарыг амьсгалж, хөвчийн ойд ургаж буй үзэсгэлэнт цэцэгсийг хармаар байна. Цэлмэг цэнхэр тэнгэрийн дор, номин ногоон зүлгэн дээр хяруу унасан өглөө хөл нүцгэн гүйж, хөрс шороог мэдэрч, Цэнхэр сумынхаа байгалийн сайханг харж бахадмаар тийм л мөчийг хүснэм. Төрж, өссөн төрөлх нутаг, төрсөн гэртээ очиж, өтөл буурал болсон аав, ээждээ үнэрлүүлэх шиг хачин их жаргал хаасан билээ. Нутгаа санах... Тэр тусмаа урьхан зун айлчлан ирэхэд уйтай юм шиг санагалздаг. Цэлэлзэн урсах урсгал дөлгөөн Тамирын хөвөөг, салхи зөөлхөн илбэж, санчигны үсээр наадах агшин, мөчир юугаа дэлбээлэн найгах нов ногоохон модод, ганганан гунганах шувуудын жиргээ, идээшлэн бэлчих мал сүрэг. Эрэг дагах ийм л сайхан зураг шиг тал хөдөөд л бий. Хүн ардынх нь сэтгэл хэчнээн сайхан билээ дээ. Таарсан бүхэн мэндтэй, орсон айл цайтай. Айлчилж ирсэн зочныг эелдэгхэн угтдаг дүр зураг хүүхэд байхаас минь өдийг хүртэл сэтгэл зүрхэнд минь хоногшин үлджээ. Ай миний нутаг, Арын сайхан хангайн цэнхэрлэн харагдах Цэнхэр сум мину...