Амьны үнэтэй "ШУНАЛ"

Ид хийж бүтээх насны залуучууд мөрийтэй тоглоомд донтож, амиа хорлож, амьдын тамд унасаар байна. Эмгэнэлтэй биш гэж үү. Эмэгтэй хүн хүртэл донтчихсон бодит жишээ бэлхнээ байх. Нэг хожиж, хэдэн төгрөг олсон бол дахиж донтож тоглохын эхлэл тавигдана. Амар хялбар аргаар мөнгө олохыг илүүд үзэх шалтгаан энэ. Мөрийтэй тоглоом тоглосноор таны амьдралд эерэг өөрчлөлт гарахгүйг батлан хэлье. Хайртай дотнын хүмүүсийнхээ үйлийг үзэж, нулимсаар нь тоглосныхоо хүчинд өөрт байгаа бүхнээ алдаж, үхлийн хаалгыг татахад хүргэдэг нь хатуу үнэн. Жишээ дурдъя.
2021 оны наймдугаар сарын 23-нд эрэгтэй эмэгтэй хоёр хүн зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөрийтэй тоглоом тоглож, 120 гаруй сая төгрөгийн өрөнд орсон байжээ. Тэд бага насны гурван хүүхэдтэй байсан. Бага нь гуравхан настай.
2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд 22 настай Б гэртээ амиа хорлов. Түүний хувьд олон сарын турш цахим покер тоглож, их хэмжээний өрөнд орсон байдаг.
2022 оны дөрөвдүгээр сарын 17-нд төв талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтэхийг завдсан хэрэш гарсан. Тодруулбал, 24 настай иргэн О. ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн. Түүний биеийн 50 хувь нь түлэгдсэн байв.
Онлайнаар покер тоглож, их хэмжээний өрөнд орсон учраас гэсэн мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.
Энэ мэтчилэн жишээг дурьдаад байвал дуусашгүй. Олон төрлийн донтолт байдаг ч даван дийлэхэд хэцүү донтчихвол амиараа сольдог цор ганц зүйл бол мөрийтэй тоглоом. Тоглож хожоод их мөнгөтэй болсон ч дахин тоглохыг хүснэ. Өөртөө болон оюун бодолдоо хяналт тавихыг хүссэн ч үл дийлнэ. Энэ л замналаар амьдрал нь үргэлжилж нэг л мэдэхэд төлж дийлхээргүй их хэмжээний өрөнд орно. Өрөө төлчихвөл бүхнийг шинээр эхэлнэ гэсэн бодол нь хэзээч биелэхгүй. Учир нь тоглох явцдаа ойр дотныхоо хүмүүст өр зээл тавихаас гадна өөрт байгаа машин, орон сууц гээд бүхнийг үрэн таран хийсэн байдаг. Худал амлалтад хэн ч итгэхээ больсон цагт өөрийгөө засч авах гэсэн бодол нь хэдийнэ хожимдоно. Өөрийгөө ялан дийлж, тоглохоо зогсоохгүй бол амиа хорлохоос өөр сонголт байхгүй. Эцсийн зогсоол нь амиараа тоглосон мөнгөнийхөө өрийг төлж чадахгүй. Та хорвоогоос халилаа ч тантай холбоотой аав, ээж, хань ижил, үр хүүхэд чинь төлөөсийг чинь төлдөг юм шүү. Тиймээс та тоглодог бол яг одоо таслан зогсоогоорой.

С.Ичинхорлоо