Л.Өлзийсайханы оронд Д.Энхбатыг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ. Тэрхүү саналыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өөр албан тушаалд томилогдсон тул Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилуулахаар санал болгож байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна хэмээн танилцуулаад, төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч гэдгийг онцолсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг,  Монгол Улсын Их Хурал дэлхийн парламентуудаас анх удаагаа хүний эрхийн мэдрэмжтэй парламент болох тухайд өөрийн үнэлгээгээ амжилттай хийлээ. Мөн жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээгээ амжилттай хийсэн. Энэ бол парламент хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй ажиллах, төрийн байгууллага,  хууль тогтоомжоо шинэчлэх чиглэлд манлайлал гаргасан том ажил. Олон улсын парламентын холбоо, Улсын Их Хурлын хамтран хийсэн хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээний ажлыг цаашид хэрхэн үр дүнтэй үргэжлүүлэх, парламентын хүний нөөц, бусад чадавх дээр хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байлгах чиглэлд ямар ажлуудыг хийх талаар тодруулан асуулаа. 

Нэр дэвшигч Д.Энхбат, 126 гишүүнтэй Улсын Их Хурлын түүх эхлэх гэж буй чухал, хариуцлагатай үед Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Улсын Их Хурлын арын албыг дааж ажиллах хүндтэй, хариуцлагатай үүрэгт ажилд томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурал дэлхийн парламентуудаас анх удаа хүний эрхийн мэдрэмжийн өөрийн үнэлгээгээ амжилттай хийсэн. Жендэрийн мэдрэмжтэй парламентын үнэлгээ дэлхийн 10-аад оронд өмнө нь хийгдсэн юм билээ. Олон улсын парламентын холбоонд өндрөөр үнэлэгдэж, дэлхий дахины анхаарлыг татсан энэхүү ажлыг гүйцэтгэхэд Улсын Их Хурлын өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан маш хичээл зүтгэл гарган ажилласан. Тамгын газрын удирдлагын баг Улсын Их Хурлын Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж энэ том ажлын ард гарлаа. Үндэсний болон олон улсын экспертүүд ч үнэтэй чухал зөвлөмжүүдийг өгсөн. Томилогдвол тэдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, Улсын Их Хурлын холбогдох ажлын хэсэгтэй хамтарч ажиллана гэсэн хариултыг өглөө.

Эцэст нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Мөн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа тогтоол баталж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Н.Мягмар нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар, нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг томилж, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авахаар тусгасан. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Н.Мягмар нэрээ татах хүсэлт ирүүлсэн учир Байнгын хорооны тогтоолыг хүчингүй болгож, дараагийн нэр дэвшигчид тодортол Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг хойшлуулахаар санал оруулан, Байнгын хорооны тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төслийг боловсруулсныг хуралдаан даргалагч танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбоотой асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. 

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлтүүд болон Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.