Молдир Мекенбаева алтан медалиас атгаад алдлаа

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаагаа болж байна. Бөхийн өргөөнд болж буй уг тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчид Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн дөрвөн төрлүүдэд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Өчигдөр үндсэн төрөл болох Ne Waza төрлийн жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Уг тэмцээний өмнө олны анхаарлыг татаад байсан Казахстаны тамирчин Молдир Мекенбаева мөнгөн медальт хүртжээ. Тэрбээр 52 кг-ын жинд өрсөлдөж, аваргын төлөөх барилдаанд нутгийн тамирчинд ялагдан Ази тивийн дэд аварга боллоо.

Молдир Мекенбаева 2016 онд 49 кг-ын жинд барилдаж, дэлхийн аварга болсон бол дараа жил нь дэд аварга болж байсан аж. Өнгөрсөн жил Филиппинд болсон Азийн наадамд эхний барилдааны Монголын М.Баярмаатай хийж, ялагдал хүлээсэн түүний хувьд энэ жилээс эхлэн 52 кг-ын жинд барилдсан юм.