С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Нэргүй: Шар усны болон уулын уруйн хавсарсан үер болох эрсдэл өндөр байна
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:
-Нийслэлд шар усны үер болон уулын уруйн хавсарсан үер болох эрсдэл өндөр байна. Иймээс хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлын төлөө “Нэг хот, нэг гэр бүл” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд үүнд иргэд, албан байгууллагууд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.
Нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын 470 гаруй ажилтан, алба хаагч, 126 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 26,456.1 шоо метр суваг шуудуу татан, 7,463 тонн мөсийг зөөж, Туул, Гүнт, Ногоон нуурын далан руу тээвэрлэсэн. Түүнчлэн 500 метр шороон далан босгож, 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна. Есөн айл, өрх хашаандаа байх боломжгүй болж, үүнээс долоон айл өөрсдөө нүүн шилжиж, хоёр айлыг НОБГ-ын албан хаагчид нүүлгэн шилжүүлээд байна.
Ташрамд, өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны 23:09 цагт "Дарь-Эхийн 29 дүгээр хороо, Дунд буудлын замд шар усны үер үүссэн байж болзошгүй нөхцөл байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгдсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц орчимд шар усны үерийн нөхцөл байдал үүссэн. Ийнхүү дуудлагын дагуу холбогдох албаныхан газар дээр нь ажилласан бөгөөд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бригад ажиллан, зам талбайд хальсан усыг соруулаад байна. Түүнчлэн ойр орчмын цас хайлж, шар ус тогтсон байршил дахь шугам хоолойн бөглөрлийг гаргах ажил үргэлжилж байгаа юм.