С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө"-г “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого", “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлэн "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр" зэрэг дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилттой уялдуулан боловсруулсан хэмээн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хамтарсан Засгийн газрын “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ гэрээг удирдлага болгон “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-г Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын гэсэн дөрвөн үндсэн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилгыг тодорхойлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын реформуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө хэмээв. Харин эдийн засгийн бодлогын хүрээнд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлнэ гэлээ.
Тогтоолын төсөлд хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд төрийн албаны реформыг хэрэгжүүлж, үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэн, чадварлаг, ухаалаг төрийн албаны тогтолцоог төлөвшүүлнэ. Төрийн үйлчилгээний цахимжилт, процессын дахин инженерчлэлийг үргэлжлүүлж, шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглан бүрдүүлж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгоно гэж тусгажээ.
Мөн хүний хөгжлийн бодлогын хүрээнд иргэн бүр нийгмийн суурь үйлчилгээнд тэгш хамрагдах, орлого олох, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт нийцүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд нийт 314 төсөл, арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5.2 их наяд төгрөг, гадаадын зээл, тусламжаар 4.2 их наяд төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.5 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.