С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Т.Мөнхсайхан: Цахимаар жор бичүүлж ойрхон эмийн сангаас авах нөхцөлийг бүрдүүлнэ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Цахим платформ болох И-Монголиа системд эерэг, сул тал байна. Жирэмсний хяналт, дархлаажуулалт зэрэгт тус систем үнэхээр өгөөжтэй байна. Эмнэлгийн цаг захиалах, эмийн жорын тал дээр тийм ч оновчтой шийдэл болж чадахгүй байна. И-Монголиа цахим системээр үзлэгийн цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь захиалсан цагтаа ирдэггүй, эргээд хүндрэл үүсдэг. Эмийн цахим жорыг заавал И-Монголиа цахим системээр өгч давхардал үүсгэх шаардлагагүй гэж үзэж байна. Өнөөдөр манай улсад 2500 орчим эмийн сан ажиллаж байгаагаас 1400 нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмийн санхүүжилт авдаг. Тийм учраас цахим жороо шууд эмийн санд дамжуулах боломжтой.
Эрүүл мэндийн сайдын ажлыг авснаас хойш үүнд чиглэн ажиллаж байна. Ирэх 7 хоногт 1100 эмийн сан эмч нарын цахимаар бичсэн жороор үйлчлэх болно. Цаашдаа улсын хэмжээнд буюу 2500 эмийн сангаас иргэд эмчийн цахимаар бичсэн жороор эмээ авдаг болно. Эмтэй холбоотой цахимжуулах асуудлыг ийнхүү шийдвэрлэнэ. Салбарын хэмжээнд цахимжилт гацаад байгаа асуудал бий. Өнгөрсөн хугацаанд маш олон төрлийн программ хангамж нэвтрүүлсэн ч хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцохтой холбоотой асуудал гарсан. Мэдээллээ солилцдог асуудлыг шийдэхийн тулд 4-5 хувилбараас сонгох болж байна.
Ирэх оны нэгдүгээр сар гэхэд бид энэ асуудлаа шийдэж, иргэд өрхийн эмнэлэг дээрээ очиход эмч нь бусад эмнэлэгт хийлгэсэн шинжилгээнүүдийг нь нэгтгэн харах боломжтой болно. Анхан шатны өрх, сумын эмнэлгүүдийн программ хангамжийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй ирсэн. Тэрхүү асуудлыг мөн шийдвэрлэж ирэх оны нэгдүгээр улиралд бүх өрхийн болон сумын эмнэлгүүд бусад эмнэлгүүдтэйгээ холбогдож, шинжилгээний хариуг цахимаар нэгтгэн хардаг болно. Иргэд өрхийн эмнэлгээрээ дамжуулан бусад эмнэлэгт үзүүлэх цагаа авдаг, цахимаар эмийн жороо бичүүлээд ойрхон эмийн сангаасаа авдаг нөхцөлийг бүрдүүлнэ" гэв.