С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Эрдэнэс Тавантолгой" компани төлөвлөгөөгөө 25 орчим хувиар давуулан биелүүлжээ
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны ногдол ашгийг тараахгүй байхаар шийдвэрлэжээ. Иргэдэд олгох ногдол ашгийг тараахын оронд уг мөнгөөр томоохон төслүүд буюу төмөр замын төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдлээ. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрдсэн аж.
Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бид компанийн цахим хуудсаараа дамжуулан иргэдээс санал асуулга явуулахад 68 хувь нь ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгө хэмээн санал өгсөн. Уг санал асуулгад 4000 гаруй иргэн оролцсон” гэв.
Мөн тус компанийн энэ оны нэгдүгээр улирлын тайлан гарчээ. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр улиралд 4.2 сая тонн нүүр олборлож, 2.4 сая тонныг экспортолсон байна. Нийт 193.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ийнхүү төлөвлөгөөгөө нэгдүгээр улирлын байдлаар 25 орчим хувиар давуулан биелүүлжээ.
Түүнчлэн энэ онд төсвийн хөрөнгө оруулалтад 480 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байсныг төлөөлөн удирдах зөвлөл тодотгол хийж, 397 тэрбум төгрөгийг нь танаж, 83 тэрбум төгрөгийг үлдээсэн байна.
Нийт танасан 700 орчим тэрбум төгрөгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын эхний ээлжийн долоон тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрсдөө хийхээр болжээ.