Ч.Гантулга: Улаанбаатар хотын хөрсний 80 хувь бохирдсон

Орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2020-2021 онд хэрэгжүүлэх ажлуудыг ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Гантулгаас тодрууллаа.


-Агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 2019 онд хэрэгжсэн ажлуудаа 2020 онд үргэлжлүүлэх үү?

-Агаар, орчныг бохирдуулж байгаа эх үүсвэр бүртэй тэмцэх чиглэлд ажиллаж, зөвхөн энэ халаалтын улиралд агаарын бохирдлыг 50-иас дээш хувиар бууруулсан гэж харж байгаа. Үлдсэн 50 орчим хувийг шат дараатайгаар бууруулахаар ойрын 2-3 жилд ажиллана. Ингэхдээ судалгаан дээр үндэслэн зарчмыг баримталж Улаанбаатарын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна. Судалгаан дээр үндэслэж байж үр дүнд хүрнэ гэдгийг шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн ажил батлан харууллаа.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олон Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх оролдлогыг хийсээр ирсэн. Үүндээ бараг нэг их наяд төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гарахгүйн дээр жилээс жилд агаарын бохирдол нэмэгдсээр байсан.

Зуух тарааж үзлээ, өшөө сайн хордуулъя гээд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ бол маш том гэмт хэрэг. Гэр хорооллын өрхүүдэд маш хөнгөлөлттэй үнээр 170,000 зуух тараасан байдаг. Хэрвээ тэр зуухнууд байх ёстой айлдаа байж байсан бол шахмал түлштэй нийлээд өшөө илүү их үр дүнг өгөх байлаа. Гэтэл тэдгээр зуухны 70 хувь нь алга болчихсон. Хөдөөгийнхөнд зараад, ОХУ-аас Сибириэс хүртэл хүмүүс ирээд олноор худалдаж аваад явсан байдаг.

-2020-2021 онд хэрэгжүүлэх гол ажлуудын төлөвлөгөө гарсан уу?

-2020-2021 онд гурван гол чиглэлээр 21 ажлыг хэрэгжүүлнэ. Агаар, хөрс, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх нь улаанбаатарчуудын төдийгүй монголчуудын эрүүл мэндийн хувьд чухал ажил болоод байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд одоо хийгдэж байгаа ажлууд үргэлжлэхээр байгаа. "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч, үйлдвэрийн боловсон хүчнийг дэмжихээс гадна хотын зүүн бүсэд шинэ үйлдвэр байгуулна.  Шинэ үйлдвэрийг энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.

Уурын зуух хэрэглэдэг нийслэл, улсын харьяа байгууллагууд буюу сургууль, цэцэрлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, онцгой байдлын ангиудын янданд шүүлтүүр суурилуулах, халаалтыг нь хий болон цахилгаанаар шийдэх ажлуудыг эрчимжүүлнэ.

Хог хаягдлын тухайд тохижилт үйлчилгээний компаниуд хуваарийн дагуу ачиж авдаг ч, үнэхээр хогоо дийлэхгүй байна. Цаг хугацаандаа хогоо авч чадахгүй байгаагаас хот хогондоо дарагдчихаад байгаа. Тиймээс бид хогоо эх үүсвэр дээр нь ангилан хаяж сурах хэрэгтэй. Ангилсан  хогийг боловсруулах төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэйгээ хамтраад үргэлжлүүлнэ.

Мөн гэр хорооллын тодорхой цэгүүдэд хог шатаах үйлдвэр байгуулахаар судалж байгаа. Барилгын хогоос бусад бүх хогийг өндөр температурт шатаагаад агаарт маш бага хэмжээний бохирдол гаргадаг японы төхөөрөмжийг авчирсан. Бүрэн шаталт явагдахаас гадна нэмэлтээр яндан дээр нь шүүлтүүр суурилуулах боломжтой учраас орчныг бохирдуулахгүй. Тус төхөөрөмжийн патентыг монголын хувийн компани авсан, одоо дотооддоо үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд явж байна. 2020 онд эдгээр шатаах цэгүүдийг ашиглалтад оруулж, гэр хорооллын хогийг цаг хугацаанд нь хурааж аваад, шатаагаад явна.

Улаанбаатар хотын хөрсний 80 хувь бохирдчихсон. Зүлэг тариад ургахгүй байна. Гүний ус руу жорлонгийн бохирдол нэвчихийн зэрэгцээ агаарт бас ууршиж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд байгаа.

2020 онд жорлонгийн бохирыг соруулж аваад, битүү байгууламжид оруулан өтгөн шингэнээр алгаж шингэнийг саарал ус болгох, өтгөнийг шатаах германы үйлдвэрүүдийг мөн гэр хороололд байгуулж ажиллах гэж байна. 2019 онд нэг үйлдвэрийг Германаас нааш ачуулсан. Энэ онд Чингэлтэй дүүрэгт тус үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тэр үйлдвэр бохирыг устгаад зогсохгүй эрчим хүч үйлдвэрлэнэ.

Ингээд нүхэн жорлонгуудын бохирыг соруулж авсны дараа булж, битүүмжлэлтэй хөрс рүү бохир нэвчдэггүй жорлонг барина.

-ОББҮХ зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаггүй, улсын хэмжээнд ажилладаг гэж ойлгож байгаа. Улаанбаатараас ялгаагүй агаар, орчны бохирдолтой аймгийн төвүүд бий болчихсон. Энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Тэгэлгүй яахав. Аймгуудтай хамтран ажиллаж байгаа. 2019 онд долоон аймагтай хамтарч ажиллаж,  уурын зуухнуудыг шинэчлэн ажлыг эхлүүлсэн. Нийслэлээс ялгаагүй агаар, хөрсний бохирдолтой болчихсон аймгууд байгаа. Тиймээс төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Энэ хавар мөн гарсан үр дүнгээ өмнөх жилтэй харьцуулж харна.

Аймгуудад сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах, уурын зуухны шинэчлэл хийх, хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барих ажлыг долоон аймагтай хамтран хэрэгжүүлж байгаа бол 2020 онд нэмээд найман аймаг энэ ажлууд хэрэгжинэ.