С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Гэрээ байраар солих 6 алхам”-ыг 15 жилийн өмнө боловсруулжээ
Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг чөлөөлж, орон сууц барих талаар сүүлийн 7-8 жил яригдаж буй. Тэгвэл 15 жилийн өмнө "Гэрээ байраар солих 6 алхам"-ыг "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Энхбат, Дефакто Д.Жаргалсайхан нар боловсруулан, холбогдох албаныханд өгч байжээ.
Энэ талаар Дарь-Эхэд болсон Д.Энхбатын сонгуулийн сурталчилгааны нээлт дээр Д.Жаргалсайхан ярилаа. Тэрбээр “Д.Энхбат бидний туулж буй амьдралын хагас нь социалист системд, хагас нь зах зээлийн системд өрнөж байна. Би гэр хороолол буюу Зурагтад усаа зөөж, галаа түлж өссөн. Гэтэл одоог хүртэл нийслэлчүүдийн тал нь яг тийм нөхцөлд амьдарсан хэвээр байна. Яагаад хөгжихгүй байна вэ?
Яг энэ асуултыг одоогоос 15 жилийн өмнө Д.Энхбат бид хоёр гаргаж тавиад “Иргэний нийгэм” -ийг байгуулсан. Тус нийгмийн гол зорилго нь хүмүүсээ аятайхан амьдруулах. Яаж гэдгийн эдийн засаг, шинжлэх ухааны шийдвэрийг ярилцсан. Одоо үүнийг Д.Энхбат хийнэ. Тухайн үед Д.Энхбат бид хоёр Гэрээ байраар солих 6 алхмыг боловсруулж, холбогдох хүмүүст өгсөн.
Үүнд:
1.Гэр хороололд байгаа бүх хүний газрыг бүртгэж авах. Улаанбаатарыг тойроод 7 тэрбум долларын хөрөнгө бүртгэлгүй байна. Ийм их хөрөнгөтэй байж та нар яагаад ядуу амьдарч байна вэ гэж гадны судлаач ирээд гайхсан. Хөрөнгө бүртгэлтэй байснаар хөрөнгө болдог.
2.Гэр хорооллын айлууд гудамжаараа холбогдож хорших.
3.Дэд бүтэцтэй хот барих.
4.Орон сууц, байр барина.
5.Түүнийгээ хамтарч эзэмшинэ.
6.Үүнийгээ авч явна гэсэн зургаан ахлмыг 15 жилийн өмнө боловсруулсан.
Үүнийг Э.Бат-Үүл хийх гэж оролдсон. Гэхдээ нэг алдаа гаргасан. Би өөрт нь ч хэлсэн. Гэр хорооллынх нь хөрөнгийг иргэдэд өөрт нь бүртгээд өгчих. Хоёрдугаарт, орон сууцаа хамтарч бариад зарахад нь бас оролц. Тэгж байж иргэн хөрөнгөтэй, байшинтай, ажилтай болно.
Хүмүүсийг өөрийнх нь оролцоотойгоор байртай болгоё гэсэн юм. Гэтэл хэд хувааж компаниудад өгөөд, заримыг нь нүүлгээд өнөөдөр зарим хүн байрандаа ч орж чадахгүй сууж байна. Миний бодлоор Д.Энхбат сонгуулийн сурталчилгаагаа энд нээж буйг маш бэлгэдэлтэй гэж бодож байна. Тэр үүнийг хийж чадна” хэмээлээ.