С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Баттулга: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий орон
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНСУ-ын Сөүл хотноо нээлтээ хийж буй Ногоон өсөлт ба Дэлхийн зорилт 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл”-ийн Сөүлийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, үг хэллээ.
Тэрбээр "Дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед энэхүү чухал ач холбогдолтой хурлыг цахимаар зохион байгуулж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт талархал илэрхийлье.
Сүүлийн жилүүдэд бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн доройтлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах талаар маш олон удаа хэлэлцэж, олон үүрэг амлалт хүлээсэн. Харамсалтай нь тэдгээрийн хэрэгжилт, бодит үр дүн тун чамлалттай байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий орнуудын нэг. Сүүлийн хорь гаруй жилд цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж 2 дахин ихсэж, тэдгээрээс үүдсэн эдийн засгийн хохирол нэмэгдсээр байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах хор хохирол, байгалийн аюулт үзэгдэл, гамшигаас сэргийлэхийн тулд бид дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах ёстой. Энэ нь эх дэлхийгээ хамгаалах хамгийн энгийн хэрэгжүүлж болох арга хэмжээ юм. “Парисын хэлэлцээр”-ийн дагуу улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын хувьд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулахаар амлалтаа ахиулсан.
Хүндэт төлөөлөгчид өө,
Дэлхий даяар байгальд ээлтэй Ногоон технологийн шилжилтийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Тийм ч учраас миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан Оросын Холбооны Улсын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулган дээр ногоон технологийн нэг болох сэргээгдэх эрчим хүчний “Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах санаачлагыг бодит ажил хэрэг болгох тодорхой саналыг дэвшүүлсэн билээ.
Жилийн 270 хоногт нь нартай цэлмэг байдаг Монголын говь нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Тэгэхээр энэ арвин нөөцөө ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Өмнөд Солонгос зэрэг улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой.
Байгаль орчноо хамгаалах болон эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэхүү сэргээгдэх эрчим хүчний сүлжээ юм. Цаг хугацаа, уур амьсгалын өөрчлөлт та биднийг хүлээхгүй ээ. Улс орон бүр цар тахлыг хохирол багатай даван туулахын зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг байгаль орчинд хал багатай, “ногоон” хэв загварт шилжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шийдэмгий, дорвитой, бодит ажлуудаар эхэлж, үр дүнд хүргэхийг уриалья" гэжээ.