Хятад улс гурав дахь хүүхдийг хүлээн зөвшөөрлөө

БНХАУ төрөлтийг хязгаарлах бодлогодоо өөрчлөлт оруулж, гурван хүүхэдтэй болохыг хуулиар зөвшөөрч байна. Хятад улсын дарга Ши Жиньпин Улс төрийн товчооны удирдах зөвлөлийн хурлын үеэр “Хүн амын хөгшрөлттэй тэмцэхийн тулд айл өрх гурван хүүхэдтэй болно” гэжээ. Энэхүү мэдэгдлээс өмнө эрх баригчид Хятадын зүүн хойд нутгийн Хэйлунцзян мужид гурван хүүхдийн бодлогыг туршжээ. “Синьхуа” агентлагийн уламжилснаар бодлогын өөрчлөлт хөгшрөлттэй тэмцэх, хүний нөөцийн давуу талыг хадгалах, хишиг хүртээх стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Үндэсний Статистикийн газрын мэдээлснээр 2020 онд албан ёсоор 12 сая хүүхэд мэндэлжээ. Энэ бол 2019 оны үзүүлэлтээс 2.65 саяар буюу 18 хувиар буурсан байна. БНХАУ 2015 онд нэг хүүхдийн бодлогоо цуцалсан. Гэхдээ 1960-аад оноос хойших хүн амын өсөлтийн удаашралтыг нөхөөгүй учир Бээжингийн эрх баригчид төрөлтийг дэмжиж, хүн ам зүйн хямралаас сэргийлдэг. Хятадад хүүхэд өсгөх зардал өндөр. Тиймээс хуулиар зөвшөөрсөн ч хоёр дахь хүүхдээ гаргадаггүй. Ши Жиньпиний мэдэгдэл Хятадын олон нийтийн мэдээллийн “Weibo” сүлжээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ. Хятадын “Өдрийн сонин”, өргөн нэвтрүүлгийн CCTV суваг, мэдээллийн “Синьхуа” агентлаг цахим хуудастаа шинэ бодлого “ирлээ” хэмээн ач холбогдол өгч байна.

“Гурван-хүүхдийн-бодлого” гэсэн хаштаг дөрвөн тэрбум хүнд хүрсэн бөгөөд хожимдсон шийдвэр гэж үзжээ. “Эхнэр бид хоёр нэг хүүхдийн бодлогын бүтээгдэхүүн. Одоо хоёр талын эцэг эхээ, эмээ өвөөгөө асрах ёстой. Олон хүүхэд өсгөх зав, санхүүгийн боломж хомс”, “Эхнэр хүүхэд хүсдэггүй. Тэр карьераа үргэлжлүүлэхийг хүсдэг. Хүүхэд өсгөхөд хэтэрхий ачаалалтай. Хэрэв улсаас таван сая юань өгвөл гурван хүүхэдтэй болоход бэлэн” зэргээр иргэд сэтгэгдлээ бичжээ. Азийн хүн ам зүйн чиглэлээр мэргэшсэн, Калифорнийн их сургуулийн профессор Ван Фэн “Бээжин төрөлтийн бодлогоо олон жилийн өмнө хэрэгжүүлэх ёстой байв. Харин одоо бол хуучирсан. Хятадад хэрэгтэй зүйл бол төрийн бодлого биш харин илүү сайн, шударга нийгэм. Засгийн газар төрөлтийг дэмжиж байгаа бол халамж, хүүхэд харах, ажлын байран дахь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг арилгах хэрэгтэй” гэсэн юм. Бээжин, Шанхай зэрэг өртөг ихтэй хотод амьдардаг эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс зайлсхийдэг учир шинэ бодлого хөдөөгийн гэр бүлийг чиглэж магадгүй. БНХАУ хүн ам зүйн бэрхшээлтэй тулгарсан Азийн анхны орон биш. Зүүн Азийн эрх баригчид төрөлтийг дэмжиж ирсэн. Өмнөд Солонгос, Япон улсад тэтгэлэг, урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хятадын хүн амын чиг хандлага 1979 онд өсөлтийг удаашруулах зорилгоор хэрэгжүүлсэн нэг хүүхэд бодлогод суурилсан. Намын удирдлагуудын төлөвлөснөөр энэ бодлого Хятадын эдийн засгийн амбийцын нэг хэсэг болох учиртай байв. Тухайн үед хоол, усны гачигдлаас сэргийлж, хувь хүний хөгжлийг сайжруулна хэмээн итгэж, XX зууны төгсгөл гэхэд хүн амаа 1.2 тэрбумд барихаар төлөвлөжээ.

Нэг хүүхдийн бодлогын хүрээнд дээрх сайн талуудыг төлөвлөж байсан ч тэс өөр үр дүнд хүргэсэн. Гэр бүлийг зөвхөн нэг хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг, зөрчвөл санхүүгийн болоод эрүүгийн чанга хатуу хариуцлага хүлээлгэх заалттай. Хууль зөрчсөн гэр бүлүүдэд торгууль ногдуулах, ажилгүй болгох, хүчээр үр хөндүүлж байв. НҮБ-ын тооцоолсноор 400 сая төрөлтийг хүчээр зогсоожээ. Нэг хүүхдийн бодлогын улмаас тус улсад хүйсийн тэнцвэргүй байдал үүссэн. Эрэгтэй хүүхдээ авч үлдэхийн тулд охиноо асрамжийн газарт өгөх, гудамжинд хаях, үр хөндүүлэх, тэр ч байтугай дөнгөж төрөхөд нь хөнөөх тохиолдол гарч байжээ. Одоо нөхөн үржихүйн насны хятад эрчүүд эмэгтэйчүүдээсээ 40 саяар олон гэнэ. “Борлогдоогүй” эрчүүдийн тоо хэрээс хэтэрч, Хятадын гэрлэлтийн асуудал хилийн чанадад ч заналхийлж эхэллээ. 2020 он гэхэд Хятадад 24 сая “борлогдоогүй” эрчүүд байна гэсэн тоо бий. Энэхүү хүйсийн тэнцвэргүй байдлаас болж Хятадад гадаад сүйт бүсгүйн “импорт” ихэсч, хүний наймааны бизнес цэцэглэх болжээ. Эмэгтэйчүүдийг хулгайлах, наймаалах, ажилд зуучлах нэрийдлээр хятад хүнтэй суулгах явдал Ази Номхон далайд ихэсчээ. Тэр дундаа Камбож, Мьянмар, Вьетнам улсад хүчээр гэрлүүлэх явдал их болов. Сүйт бүсгүйн хомсдолоос гадна нутгийн уугуул эмэгтэйг гэргийгээ болгох нь өртөг өндөртэй байдаг аж. Ийм гэрлэлтэд дор хаяж 120.000 юаний бэлэн мөнгө, машин, бүрэн тохижуулсан шинэ байшин бэлтгэх хэрэгтэй. Ши Жиньпин төрийн жолоог залгаснаас хойш таван жилийн хугацаанд Хятад улс баян, хүчирхэг болсон. Харин одоо ирэх таван жилийн улс үндэстний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шинэ үеэ бэлтгэж байна. Хүйсийн тэнцвэргүй байдлыг алдагдуулсан хүүхдийн тухай бодлогоо цуцлахад хүрчээ.

Хятадад гэр бүл салалтын түвшин АНУ, Европын орнуудтай харьцуулахад хамаагүй бага байдаг. Хятад улсад хосууд гэр бүл болохдоо орон нутгийн захиргаанд багагүй хэмжээний мөнгө төлөх ёстой байдаг. Ингээд олон жилийн дараа нэг хүүхэд бодлогыг зөрчөөгүй тохиолдолд мөнгөө буцааж авах хууль үйлчилдэг. Гэтэл эдийн засаг өсөж, иргэдийн амьжиргаа сайжрахын хэрээр ийм байдлаар тушаагдсан мөнгө улсын орлого болох явдал олон гарах болжээ. Эдийн засагтаа хэт анхаарч, хүний хөгжлийг хойш тавьснаар БНХАУ одоогийн өндөрлөгөө алдаж магадгүй. Дотоодын энэ бэрхшээл-тэйгээ тэмцэхийн тулд хүүхдийн бодлогоо өөрчлөөд өнгөрөх нь учир дутагдалтай гэж “Эмнести интернейшнл” анхааруулж байна. Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Улс бодлогоо цуцалсан ч хятад эмэгтэйчүүд аюултай байдалд хэвээр үлдэнэ. Мөн гурав дахь хүүхдийг ч өрөвдөлтэй хувь заяа угтаж байна” хэмээн анхааруулжээ.

Х.Заяа