С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Өөр вирус дэгдэх магадлалтай гэсэн мэдээлэл тусгай албадаас ирсэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабад ажиллаж, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өгөв. Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 11,913 хүн халдвар авсны 3,876 нь давтан тунгаа хийлгэсэн. Гэхдээ бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын 15-наас халдварын тохиолдол буурах тухай танилцуулсан байна.
Харин Ерөнхий сайдын зүгээс "Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсаны дүнд улсын хэмжээнд зургаадугаар сарын 1-ний байдлаар нэгдүгээр тунд 1.8 сая хүн, хоёрдугаар тун вакцинд 1.3 сая хүн хамрагдсан байна. Вакцин хийлгээгүй үлдсэн 1.2 сая хүүхэд, 200 орчим мянган иргэн үүн дотор 80 мянган жирэмсэн эмэгтэй байна. Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн хувьд халдварын тоо буурч байгаа юм байна. Хүүхэд, залуучуудын хувьд өндөр эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, вакцинд хамруулах шаардлагагүй гэж үзсэн хүн амын хэсэг маань хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог болж байна. Иргэд хоёр тунд вакцинд хамрагдсан ч шинж тэмдэггүй, тээгч хэлбэрээр халдвар авах эрсдэл их байна. Энэ нь хүүхдийн өвчлөл их байгаагаас харагдаж байна гэж ойлголоо.
Тиймээс орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн вакцинд бүрэн хамрагдсан ч халдвар авах эрсдэл их байгаа учир халдвар хамгааллын дэглэм сахихыг иргэддээ уриалах шаардлагатай байна. Үүнд анхаар ажиллахыг Ерөнхий сайдын хувиар чиглэл өгч байна. Вакцины үр дүн зургаадугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ гэж эрдэмтэд тооцоолсон. Долоодугаар сарын 1-н гэхэд вакцинжуулалт дуусна. Намар гэхэд вакцины үр нөлөө гарч, халдварын тоо нэлээд буурна гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргасан. Ингэвэл маш сайн. Бидний тавьсан зорилт үндсэндээ биелнэ. Бидний тооцоолсноос өөр үр дүн гарвал яах вэ? гэдгээ сайн харах шаардлагатай байна. Эрсдэлт бүлгийн иргэдийнхээ 90 орчим хувийг вакцинд хамруулсан болохоор цаашид хатуу хөл хорио тавихгүй. Шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт хийгээд явахаас өөр гарцгүй.
Тусгай албадаас "Ковид-35" гэдэг ч юм уу өөр вирус дэгдэх магадлалтай гэсэн дэлгэрэнгүй мэдээллүүд ирсэн. Энэ мэдээлэлд урьдчилсан шинжилгээ хийж, анхаарах шаардлагатай байна. Шинэ нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр эрдэмтийн баг, их сургуулиудтай хамтран ажиллах шаардлага байна” гэлээ.