С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Т.Доржханд: Бид 250 мянган дэмжигч гишүүнтэй болсныг баталлаа
Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үр дүн гарсантай холбогдуулж, ХҮН-аас мэдээлэл хийлээ.
Намын дарга Т.Доржханд “Өмнөх 30 жилээс маш их ялгаатай сонгууль боллоо. Бие биеэ харлуулж гүтгэсэн зүйл болоогүй. Хамгийн бага зардалтай сонгууль боллоо. Ковидын энэ үед ХҮН-аас зар сурталчилгааны самбар, ухуулагч ажиллуулах зэргээр өндөр зардал гаргахгүй байхыг МАН, АН-д уриалсан.
Нийгмийн хүлээлтийг хүлээн авч хамгийн их санал авсан, МАН-ын дарга У.Хүрэлсүх Танд баяр хүргэе. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ Танд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь сайн сайхныг хүсье. “Зөв хүн Электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбатад 246955 сонгогч саналаа өгсөнд талархлаа илэрхийлж байгааг хүлээн авна уу. Өнөөдрийн байдлаар 250 мянган дэмжигч гишүүнтэй болсныг энэ сонгууль хоёр дахь удаагаа батлан харууллаа.
Өнөөдрийн үр дүн олон шалтгаантай. Санал өгсөн сонгогчдод талархлаа илэрхийлэх гэж бид энэ хурлыг зохион байгуулсан юм. Эгэл жирийн хүн сонгуульд нэр дэвшүүлснээрээ улс төрийн түүхэнд ахиц дэвшлийг авчирсан гэж бодож байна. Дараа дараагийн сонгуулийг гар утсаар оролцох боломжтой байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Бид тийм эрин үед амьдарч байгаа. Харамсалтай нь санал тавьсан ч энэ удаад хэрэгжүүлсэнгүй. Манай намд нэр дэвшигч ялагдсан тохиолдолд тухайн нэр дэвшсэн хүн болон, сонгуулийн штабынхан хариуцлага хүлээнэ гэсэн дүрэм байхгүй.
Д.Энхбат сарын өмнө гэхэд сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдээгүй байсан нь бодит үнэн. Ердөө нэг сарын өмнө сонгуульд өрсөлдөх шийдвэрээ гаргаад орон даяар явж иргэдтэйгээ уулзсан. Гүнээ дэмжсэн дэмжигч нар, сайн дурын ухаалагч нартаа талархлаа. Мөн нэр дэвшигчийн маань гэргий Оюунцэцэг эгчдээ талархлаа илэрхийлье. Нөхрөө дэмжээд энэ олон залуучуудын итгэл найдварыг өөртөө тээж, үлгэр дуурайл болон нөхрөө дагаад Монголынхоо олон аймгаар явж оролцсонд баярлалаа. Хэдий аялах явцдаа КОВИД-19-ийн халдвар авсан ч сэтгэл зүрхээрээ хамт байсанд талархъя.
Манай эвслээс энэ сонгуульд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ бүх санхүүжилт хандиваар боссон. Мөнгөгүйгээр сонгууль хийж болдгийг бид харууллаа. Хандивын дийлэнхийг гадаадад байгаа монголчууд гаргасан” гэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр “Зөв хүн Электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат 20.1 хувийн санал авсан юм. Үүнээс Хан-Уул дүүргийн нийт сонгогчдын 38 хувь, гадаадад байгаа иргэд иргэдийн 76 хувь нь саналаа өгсөн байдаг.