С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жавхлан: Боловсролын чанарыг сайжруулсан үзүүлэлтээр нь санхүүжилт олгоно
Боловсрол, шинжлэх ухааны яам бусад салбараасаа хамгийн түрүүнд төсвөө цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Боловсрол, нийгэм хамгаалал болон эрүүл мэндийн салбар нь манай улсын нийт төсвийн 75 хувийг эзэлдэг. Тиймээс төсвийн шинэчлэлт нь хамгийн түрүүнд дээрх гурван салбарын төсвийн шинэчлэлт байх болно.
Энэхүү төсвийн шинэчлэлийн амин хүнс нь боловсролын салбарын чанар үр дүн, хүртээмжид суурилсан санхүүжилтийн системийг бий болгох юм. Энэ хүрээнд БШУ-ны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тус салбараас нийгэмд үзүүлж байгаа үйлчилгээг илүү хүртээмжтэй, гүйцэтгэл сайтай болгож, үүнийг санхүүжилтээр нь хянах цогц хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Боловсролын салбарт зарцуулж байгаа нэг төгрөг болгон нь чанарт суурилах ёстой. Тиймээс өнөөдрийн цахим төсвийн цогц систем нь төсвийн төлөвлөлт, хяналтын шатанд маш том үүрэг гүйцэтгэнэ. Цаашид ЕБС, цэцэрлэг нь нам, танил талаараа төсвөө нэмүүлдэг бус хэдэн хүүхдийг сургаж, боловсролын чанарыг хэрхэн сайжруулсан гэдгээрээ санхүүжилтээ авч, түүгээрээ үр дүнг сайжруулахад чиглэсэн менежментийн үйл ажиллагааг хагас бие даасан байдлаар шийдвэрлэж чаддаг тогтолцоог бий болгох эхний алхам боллоо” гэлээ.