НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Дмитрий Чернышенко: Хувийн хамгаалалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монголд хандивлана
“Торгоны зам” олон улсын авто ралли уралдааны Монгол Улсын нутагт дэвсгэрт зохион байгуулах маршрутыг цуцалжээ. Энэ талаар ОХУ-ын Шадар сайд, уралдааныг зохион байгуулах хорооны дарга Дмитрий Чернышенко мэдээллийнхээ үеэр онцолсон байна. Коронавирусний нөхцөл байдал болон тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан уралдааныг Монголын нутгаар үргэлжлүүлэх боломжгүй гэж уралдааны ковидын протоколыг хөтлөх, хяналт тавих штабын дарга Денис Проценко өмнө нь мэдэгдсэн байна.
“Халдварын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан зөвлөлдсөний эцэст Монголд зохион байгуулах үе шатыг цуцлах шийдвэр гаргасан. Денис Проценкогийн санал болгосноор Монголд явагдах үе шатанд ашиглахаар төлөвлөж байсан “COVID-19”-ийн лаборатори, хувийн хамгаалалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг Монголын талд хандивлана" гэж Чернышенко мэдээлжээ. "Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан түншүүддээ талархаж байна. Ирэх жилүүдэд бид төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж чадна гэж найдаж байна” гэдгийг онцолсон байна. ОХУ-ын нутагт уралдааныг төлөвлөсний дагуу явуулж, маршрутын дагуу аюулгүй байдал, эрүүл ахуйн бүх шаардлагыг хангах гэнэ.
“Торгоны зам” авто ралли уралдаан Омск хотоос баасан гарагт гараагаа эхэлсэн байна. Бямба гаргийн уралдаан Уулын Алтай хотод өндөрлөжээ. Төлөвлөгөөний дагуу оролцогчид ням гарагт Монголын хилээр гарах ёстой байв. “Торгоны зам” уралдаан долоодугаар сарын 1-11-ний хооронд Орос, Монгол, Хятад улсын нутаг дэвсгэрт болох ёстой байв. Гэвч коронавирусний улмаас БНХАУ хилээ хаасан учир тус улсыг уралдааны замаас хассан тухай зохион байгуулагчид хоёрдугаар сард мэдэгдсэн юм. Уралдаан Омск хотоос гараагаа эхэлж, Хятадын Өрөмч хотод барианд орох ёстой байжээ.