Б.Баасансүрэн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Арабын нэгдсэн эмират улсын Абу Даби хотод жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд манай улсаас 9 тамирчин барилдсанаас таван тамирчин медалийн тавцанд зогслоо. Тодруулбал, Мубадала Арена спорт цогцолборт эхэлсэн жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай улсын тамирчдаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл нийт таван медаль хүртсэн юм.

Мөн өсвөрийн ДАШТ-ий 52 кг-ийн жинд шар бүсний ангилалд Г.Батцэцэг алтан медаль, 57 кг-ийн жинд саарал бүсний ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Б.Батцэцэг мөнгөн медаль, 48 кг-д саарал бүсний ангилалд Архангай аймгийн тамирчин Б.Баасансүрэн мөнгөн медаль, 40 кг-ийн шар бүсний ангилалд Шинэ бадрах дэвжээний Г.Мөнхтуяа хүрэл медаль хүртсэн юм. 11 дэх удаагийн ДАШТ Абу Даби хотноо энэ сарын 20-26-ныг хүртэл үргэлжилнэ. Абу Дабигийн ДАШТ-д хүч үзэх багийн бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн тамирчид мөн насанд хүрэгчдийн ангилалд ДАШТ, Ази, Дэлхийн цомын медальтнуудаас бүрдсэн шилдгүүд багтсан юм.