НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хурууны хээгээ уншуулдаг болсноор иргэд цаг зав, санхүүгээ хэмнэж байна
Орон нутгийн нэгэн иргэн нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх бүхий карт авахаар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандав. Нийслэлийн нийгмийн халамжийн газрын ажилтан түүнээс иргэний үнэмлэх, улмаар түр оршин суугаа газрын тодорхойлолт шаардсанаар тухайн иргэний зорилго талаар болов. Энэ бол иргэд төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй авч чаддаггүйн жишээ. Гэхдээ саяхныг хүртэл нөхцөл байдал ийм байсан. Одоо харин иргэний үнэмлэх шаардлагагүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээ уншуулж авах боломжтой болсноор. иргэдэд дээрх хүндрэл, бэрхшээл тулгарахгүй юм. Дээр дурдсан иргэн иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүй тохиолдолд хурууны хээгээ уншуулж, үйлчилгээ авах бүрэн боломжтой гэсэн үг. Мэдээлэл өгөх үүднээс нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас энэ талаар сурвалжиллаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хойд, өмнө, баруун, зүүн зүгт хотын зах хэсгээр хүн ам олноор төвлөрөн суурьшсан томоохон дүүргийн нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын хоёр агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагынхан 325 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Эдгээр үйлчилгээг үзүүлэхэд 40 гаруй хувь буюу 160 орчимд нь иргэний үнэмлэх шаарддаг байжээ. Шаардлагагүй олон бичиг баримт бүрдүүлэхийн төлөө иргэдэд учирч буй хүндрэл чирэгдлийг хөнгөвчлөхийн тулд иргэний үнэмлэх шаардахгүйгээр хурууны хээгээр төрийн бүх үйлчилгээг хүргэдэг болсон. Ингэснээр иргэдийн цаг хугацаа, зардал хэмнэж байгаа юм. Төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэхийн тулд банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг мөн хамт бүрдүүлсэн юм.
Үйлчлүүлэгчдийн тоо жил бүр нэмэгджээ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хүнд суртлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэл дэх төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг 2016 онд байгуулсан. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж буй шийдэл билээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв үйлчилгээ, өргөдөл гомдол, лавлагаа мэдээлэл, уулзалт гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйлчилгээний хандалт жил тутам эрс нэмэгдсэн байна. Тодруулбал, 2016 онд 1000049, 2017 онд 1520954, өнгөрсөн онд 1917929 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлжээ. Үйлчилгээний өдрийн дундаж хандалтыг авч үзвэл мөн л өссөн үзүүлэлтэй гарчээ. Тухайлбал, 2017 онд зургаан мянга орчим иргэн, хуулийн этгээд үйлчлүүлж байсан бол өнгөрсөн онд энэ тоо найман мянга орчим болж нэмэгджээ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт үйлчилгээ үзүүлж буй ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны сангаар өдөрт үйлчлүүлж буй 100 гаруй иргэний 70-80 орчим нь хурууны хээгээ уншуулж, үйлчилгээ авдаг байна.
Иргэний үнэмлэхээ хуулбарлаж зардал гаргах шаардлагагүй
Нэгдсэн төвийн үйлчилгээнд нэвтрүүлсэн төрийн мэдээлэл солилцох системийг хэрхэн ашиглаж буй талаар Дүнжингарав салбараас дараах мэдээллийг өглөө. Үйлчилгээний нэгдсэн төвөөс нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагынхан 325 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг бөгөөд иргэд 16 байгууллагын 157 нэр төрлийн үйлчилгээ авахад иргэний үнэмлэхтэйгээ очих шаардлагатай байсныг ийн шийдвэрлэсэн гэдгийг хэллээ. Нэгдсэн төвийн үйлчилгээнд төрийн мэдээлэл солилцооны систем нэвтрүүлснээр хэд хэдэн үр дүн гарна гэж тооцсон нь биеллээ олжээ. Нэгдүгээрт, үйлчилгээний хугацааг багасгаж, иргэдийн цагийг хэмнэнэ. Хурууны хээ уншигч төхөөрөмжийг ашигласнаар төрийн мэдээлэл солилцооны системээс иргэний мэдээллийг татдаг аж. Ингэснээр албан хаагч иргэний мэдээллийг шивж бүртгэх шаардлагагүй болж байгаа юм. Хоёрдугаарт, үйлчилгээ авахад шаардах баримт бичгийн тоог бууруулж, иргэдээс гарч буй зардлыг багасгана. Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан иргэний мэдээллийг албан хаагч өөрийн компьютероос хэвлэн баримт бичгийн бүрдүүлэлтэд хавсаргадаг байна. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэхээ хуулбарлаж зардал гаргах шаардлагагүй болж байгаа юм. Энэ мэт давуу тал, ач холбогдолтой учраас иргэд үйлчилгээнд ам сайтай байлаа.
Хурууны хээ уншигч төхөөрөмжийг үйлчилгээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нөөс гуравдугаар сарын 18-ны хооронд хийжээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 16 байгууллагын 130 албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох ажлыг Үндэсний Дата төвтэй хамтран зохион байгуулж, үйлчилгээний 109 цонхонд хурууны хээ уншигч төхөөрөмж суурилуулан, албан хаагчдад дээрх төхөөрөмжийг ашиглах хэрэглээний мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан байна.
Энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байгаа тул энэ талаар иргэд мэдээлэл багатай байлаа. Тиймээс ихэвчлэн иргэний үнэмлэхээрээ үйлчлүүлдэг байна. Системийн тухайд заримдаа ажиллахгүй тохиолдол гардаг ч цаашид жигдэрч хэвийн ажиллах боломжтой аж. Үйлчилгээ авч буй иргэдийн байр суурийг сонслоо.
Г.Анхбадрах: -Газар авч байгаагүй гэсэн лавлагаа нийслэлийн Газрын албанаас авах гээд хүлээж байна. Хурууны хээгээ уншуулаад төрийн үйлчилгээ авах боломжтой болсон талаар сонссон. Иргэний үнэмлэхээ мартсан, гээсэн хүмүүст энэ үйлчилгээ үнэхээр хэрэгтэй юм билээ. Иргэний үнэмлэхгүйгээс болж хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй хугацаа алдах тохиолдол гарахгүй юм байна. Төрийн үйлчилгээ сүүлийн үед иргэдэд илүү ойртож, хүндрэл чирэгдэл нь ч багаслаа. Нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулснаар өмнөхтэй нь харьцуулахад төрийн үйлчилгээ илүү ойртсон. Хурууны хээгээ уншуулдаг болсноор бүр л илүү амар, хялбар болж байна.
Б.Оюунчимэг: -Сэлэнгэ аймгаас ирсэн. Хотод удаан байх учраас автобусны хөнгөлөлттэй зорчих эрхийн карт авах гэсэн боловч амьдарч буй газрынхаа хорооноос түр оршин суугч гэсэн тодорхойлолт авч ир гэж байна. Энэ нь хүндрэлтэй санагдлаа. Уг нь хурууны хээ уншуулаад хаана оршин суудаг талаар мэдээлэл авч болох юм байна. Гэхдээ тэр төхөөрөмж нь ажиллахгүй байгаа учраас оршин суугаа газрын тодорхойлолт заавал авч ир гэсэн. Өндөр настай бид Монгол Улсын иргэн л юм чинь автобусаар хөнгөлөлттэй зорчих эрх бүхий картыг харьяалал харгалзахгүй олгодог болмоор юм. Өндөр настнууд урт хугацаанд эмчилгээ хийлгэх гэх ямар нэгэн шалтгаанаар хотод ирсэн тохиолдолд автобусаар хөнгөлөлттэй зорчвол хэдэн төгрөгт ч хэмнэлттэй шүү дээ.
Б.Энхцэцэг: -Гадаад паспорт захиалах гээд дугаарлаж байна. Дараалал үнэхээр их байна. Би Сингапурт суралцангаа ажиллаж амьдардаг. Тухайн улсын хөгжил дэвшил, төрийн үйлчилгээний хүртээмж нь манай улстай харьцуулшгүй. Дугаарлаж хэдэн цагаар хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Гэтэл эх орондоо ирээд төрийн үйлчилгээ авах гэж хэдэн өдөр л нааш цаашаа явах юм. Төр, засгийн удирдлагууд төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор зохих шийдвэрийг гаргаж, арга хэмжээ авч ажиллаж байна. Гэхдээ түүнийг иргэдэд хүргэх үйлчилгээний ажилтнууд үнэхээр хүнд сурталтай, бас харилцааны соёлгүй байдаг. Би гадаад паспорт захиалах гээд өглөөнөөс хойш зогсч байхад танил хүмүүстээ түрүүлж үйлчлэх тохиолдол гарч байна. Дарааллын дагуу үйлчлэх шаардлага тавихад тайлбар хэлж уцаарлах юм.
Төрийн үйлчилгээг нэг цонхноос цогцоор нь авдаг болов
Хурууны хээ уншдаг төхөөрөмжөөс гадна төлбөр тооцооны цахим системийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж буй 325 нэр төрлийн үйлчилгээнээс 171 буюу 52.6 хувийг төлбөртэй үйлчилгээ эзэлдэг байна. Иргэн, хуулийн этгээд төлбөртэй үйлчилгээг авахад банкны үйлчилгээг зайлшгүй давхар авах шаардлага гардаг. Үүнээс үүдэн шат дамжлага болон банкны ачаалал болон үйлчилгээний хугацааг нэмэгдүүлж, иргэдийг чирэгдүүлэх зэргээр үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор төлбөртэй үйлчилгээнд цахим төлбөр, тооцооны системийг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн. Нийслэлийн үйлчилгээнийн нэгдсэн төвийн дөрвөн салбарт таван байгууллагын 31 цонхонд пос төхөөрөмжийг суурилуулан үйлчилгээ үзүүлээд байна. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Татварын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Архивын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн цонхонд байршуулжээ. Нэгдсэн төвийн үйлчилгээнд цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлснээр мөн л хэд хэдэн үр дүн гарчээ. Тухайлбал, үйлчилгээний шат дамжлага, хугацааг бууруулж, иргэдийн цаг, санхүүг хэмнэнэ. Иргэд банкаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлд 1000 хүртэлх төгрөг төлдөг бол цахим төлбөр тооцооны пос төхөөрөмжөөр 300 төгрөгийн шимтгэл төлдөг байна. Ингэснээр иргэд банкинд дугаарлах шаардлагагүй болж нэг цонхноос үйлчилгээг цогцоор нь авах нөхцөлийг бүрдүүлжээ.