С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жаргалсайхан: Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг хэмнэлээ өөрчил
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Монголын бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна. Энэ үеэр "Буян” компанийн Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Улс орон даяар архидан согтуурч байна. Ажил хийх хүн алга. Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын гаруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө Монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.
Дараагийн асуудал-Улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна.
Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Гэхдээ би энэ яамны сайд болох гээгүй юм шүү.
Япон Улстай бид анхыхаа чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад Япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй.
Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга. Жорлондоо орох гэж шахуу машин барьж байна. Ордныг тойроод битүү приус. Хаашаа ч явах гэхээр явж болдоггүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо" гэсэн юм.