С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Канадын Саскачеван муж Дархан-Уул аймагтай түншилнэ
УИХ дахь Монгол, Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням өнгөрөгч долоо хоногт Канад Улсад ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын эхэнд тэрбээр Канад Улсын парламентын гишүүн, Канад, Монголын парламентын бүлгийн дарга, хатагтай Ясмин Ратанситай Оттава хотод уулзав. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд хүргэн хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, түүний дотор хоёр бүлгийн хамтын ажиллагаа, улс төрийн харилцан итгэлцэл, дэмжлэг чухал үүрэгтэйг цохон тэмдэглээд, хатагтай Ратанси Ясминд энэхүү үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгааг үнэлж талархлын захидал гардуулав.Ажлын айлчлалын хүрээнд Канадын экспортыг хөгжүүлэх агентлагийн удирдлага болон Канадын худалдааны танхимын ерөнхийлөгч Перрин Бийтти, Дэд ерөнхийлөгч Марк Агнью нартай уулзав. Мөн Торонтогийн хөрөнгийн биржийн уул уурхайн салбар хариуцсан захирал Дийн Макферсон, Уул уурхайн олборлогчдын холбооны ерөнхийлөгч Алекс Кристофер, Гүйцэтгэх захирал Лиза МакДоналдс нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн Саскачеван мужийн парламентын гишүүн, Дээд боловсролын сайд Гэн Маковскитой уулзаж, Монголын багш, оюутнуудыг англи хэлний сургалтад хамруулах, боловсролын салбарт хамтран ажиллах ерөнхий баримт бичиг байгуулж, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих, Саскачеван мужид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, 2+2 хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, орон нутгийн залууст орчин үеийн хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжил эзэмшүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Саскачеваны парламентын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Дэвид Мариттай уулзахдаа газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус мужийн эрчимжсэн мал аж ахуй, мал эмнэлэг, тариалалтын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх, Canadian Western Agribition, Canada’s Farm Show олон улсын үзэсгэлэнд манай тариаланч, фермерүүдийг оролцуулах, Саскачеваны их сургуулийн дэргэдэх Мал, тэжээлийн судалгааны олон улсын төвтэй харилцаа холбоо тогтоох, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдийг харилцан солилцох талаар ярилцлаа. Саскачеван муж хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлж, 2020 онд 16.9 тэрбум долларын үр тариа, мах экспортолсон байна.
Энэхүү айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням цаг уур, газар нутгийн хувьд манай улстай ижил төстэй, Канадын уул уурхай, газар тариалан, ХАА-н гол муж болох Саскачеваныг Дархан-Уул аймагтай хамтын ажиллагаа эхлүүлж, түншлэн ажиллах боломжийг нээв.
Уг айлчлал нь Монгол Улс, Канад Улсын Засгийн газар хоорондын дугуй ширээний 9 дэх удаагийн уулзалтын хүрээнд болсноороо онцлог, ач холбогдолтой юм.