Гурван аймгийг ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран хөгжүүлнэ

Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-оор орон нутагт үе шаттайгаар хөгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан. Энэ хүрээнд салбарын сайд Л.Энх-Амгаланд хэд хэдэн үүрэг өгчээ. ҮҮНД:

-Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт-судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх

-Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх

-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах

-Дээрх гурван аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран боловсруулж хэрэгжүүлэх,

-Орон нутаг дахь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, цахим сургалтыг дэмжих хүрээнд орон нутгийн их сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах асуудлыг Сангийн яамтай хамтран шийдвэрлэх

-Орон нутагт суралцах оюутнуудад зориулсан сургалтын зээл, хөнгөлөлт, тэтгэлгийн хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаатай хамтран боловсруулж хэрэгжүүлэх

-Багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, оюутнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх

-Багш нарын орон сууц, оюутны байр шинээр барих, хичээлийн болон дотуур байрны урсгал засварын хөрөнгө оруулалтын асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгажээ.