С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой цахим уулзалт хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-нд Нью-Йорк хотноо зочилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой өнөөдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлж байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, КОВИД-19 цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хатагтай Х.Фор НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернэт сүлжээг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж буйг онцолж, цаашид хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, ундны усаар хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв.
Талууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор байгуулсан Generation Unlimited түншлэлийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах чиглэлээр ажиллахаар тохирсон байна.