С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гэр бүлийн эерэг уур амьсгал ажлын бүтээмжид нөлөөлөх нь уулзалт боллоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Дэлхийн Гэр бүлийн өдөрт зориулсан “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт уулзалт Төрийн ордны Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээснийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл уншиж таницуулав. Уулзалтад гэр бүл, хүүхэд хамгаалал, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын гишүүд, дүүрэг хороодын нийгмийн ажилтнууд зэрэг 600 гаруй хүн оролцов. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол гаргаснаар дэлхийн улс орнууд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Манай улс дэлхийн гэр бүлийн өдрийг 2000 оноос тэмдэглэх болсон ба гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр бүлийн өдрийг тэмдэглэх санаачилга гаргаж, Монгол Улсын Засгийн газраас 1994, 2004, 2014 онуудыг Гэр бүлийн хөгжлийн жил болгон зарлаж байв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд өвчлөлийн 83,4 хувь нь сэтгэл зүйн асуудлаас болж үүсдэг болохыг тодорхойлсон бол гэр бүл, сэтгэл судлаачдын судалгаанд хүний сэтгэл зүйн шаналгаант байдлын суурь асуудал нь гэр бүлийн таагүй харилцаа, бие биеэ үл хүндлэлээс үүсдэг гэж дүгнэдэг аж. Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь гэр бүлд тулгамдаж буй асуудлын шалтгаан, түүнийг эерэгээр шийдвэрлэхэд сэтгэл зүйн анхан шатны ойлголт, мэдлэгийг олон улсын практик, туршлага дээр үндэслэн хамгийн энгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэхэд оршино.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн бат бэх чанарыг сайжруулах нь Монгол Улсын хөгжил, тусгаар тогтнолд нэн хэрэгцээтэй. Гэр бүлд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг илүү энгийн, ойлгомжтой хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн энэхүү уулзалт арга хэмжээг өөрийн ивээл дор зохион байгуулсан юм.