С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Г.Ёндон: Гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өснө
Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдээллийг сонслоо.
Улс, эх орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Эрдэс баялгийн салбар маань энэ онд 100 нас хүрч байна. Нэгэн зууны түүхийг их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаар үдэж буй манай салбар өдгөө дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа гэв. Хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн салбарын ирээдүйг тодорхойлох шаардлагатайг дэлхийн нийтийн чиг хандлага харуулж байна. Хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг дагаад өнгөт болон хар металл, чухал ашигт малтмалын хэрэглээ хэд дахин нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон.
Өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний хэрэглээ цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, эрчим хүчний сэргэлтээс үүдэж буурах хандлагатай байна. Түүнчлэн ирээдүйд дэлхийн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины хэрэглээ нэмэгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсөж, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай байгаа бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад гол анхаарлаа хандуулж буй энэ цаг мөчид хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаандаа ESG буюу байгаль орчин, нийгэм болон засаглалын шалгуурын амлалтын талаар тайлагнах асуудлыг цогцоор нь тусгах болсон. Ингэснээр хөрөнгө оруулагчдад урт хугацааны үр ашигтай, тогтвортой, харилцан ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх аж.
Эрдэс баялгийн түүхий эдийн дэлхийн чиг хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан салбарын бодлогыг “хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт” гэсэн зарчмаар тодорхойлж байна. Энэхүү бодлогын хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн дотоодын олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд нээлттэй, ил тод, худалдах зарчмыг баримтлан ажиллаж байгааг салбарын сайд онцолжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний экспортын Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр чингэлэгт тээврийн терминалыг байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Гашуунсухайт чингэлэг тээврийн терминал нь 30 га талбайг хамарсан 8100 чингэлэг буюу жилд 8 сая тонн нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох хүчин чадалтай томоохон бүтээн байгуулалт болсон.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын шинэ гарц бий болгох чиглэлээр Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Гашуунсухайт-Ганцмодны боомттой холбох цаашлаад Ханги-Мандал чиглэлийн төмөр замын төслүүдийг Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын тоо хэмжээ, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх ач холбогдолтой юм.
Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулах бодлого баримтлан ажиллаж байна.
Энэ хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Монгол улсын Үндсэн хууль, салбарын хөгжлийн баримт бичигт заагдсан зорилт хангагдаж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.