Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой"-г нүүрс олборлогч компани гэж хардаг үе өнгөрсөн

"Mining week" арга хэмжээний үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн 2020, 2021 онд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байлаа. Ялангуяа овор ихтэй бараа бүтээгдэхүүн цохилтод орсон. Борлуулалтын үр дүнгээрээ зардлаа нөхөж байна. Учир нь дэлхийн зах зээлд металлургийн нүүрс, эрчим хүч, хагас коксжсон нүүрсний үнэ тодорхой хэмжээнд өссөн. Бид өнгөрсөн хугацаанд эрсдлийн үеийн төлөвлөгөөгөөр ажилласан. Энэ төлөвлөгөөгөө Засгийн газар болон УОК дэмжиж хүнд нөхцөлийг эрсдэл харьцангуй багатайгаар даван туулсан.

2022 оны хувьд бүтэн жил хаалттай байсан экспортын хаалга нээгдсэн. 6,7,8 дугаар саруудад экспорт эрчимтэй хийгдэж байна. Энэ жил 8,2 сая тонн нүүрс экспортод гаргах төлөвлөгөөтэй. Одоогоор 6 сая орчим тонн нүүрийг экспортод гаргаад байна. 67 хувийн гүйцэтгэлтэй гэсэн үг. Хэрэв 9,10,11,12 дугаар саруудад эрчмээ алдалгүй явбал 112 хувь буюу 12 хувиар илүү давуулан биелүүлэх боломжтой. Өнөөдөр Уул уурхайн долоо хоног эхэлж байна. Энэ нь дэлхийд Монголын уул уурхайн салбар нэгдмэл дуу хоолойг илэрхийлэхээс гадна цаашид бизнесийн харилцаа нэг гэдгийг зарлаж байгаа арга хэмжээн болж байна.

"Эрдэнэс Тавантолгой" компанийг нүүрс олборлогч компани гэж хардаг байсан үе аль зургаан жилийн өмнө дууссан. Бид уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн жишиг буюу дэлхийд томоохон тооцогддог үндэстэн дамжин ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг корпориацийн түвшинд үйл ажиллагаагаа төлөвлөж эхэлсэн. Үүний хүрээнд 5, 10 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргасан. Энэ бол Алсын хараа 2050 хөтөлбөрийн үндсэн хөгжлийн тавцан гэж ойлгож болно.

Төлөвлөгөөний дагуу ЭТТ дэд бүтцийн компани 3 том компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто зам. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам зүгшрүүлэх тээвэрлэлт нь дуусаад үндсэн тээвэрлэлтдээ ороод явж байна. 1,4 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. 66 хувийг манай компани эзэмшдэг. Энэ нь ЭТТ-ийн 1072 хувьцаа эзэмшигчид буюу 2,5 сая хүний оролцоотой хөрөнгө гэж ойлгож болно. Авто замаар явж байгаа тээврийг 3-4 дахин бууруулах боломжтой.

Зүүнбаянгийн 416 км төмөр замын зүгшрүүлэх тээвэр цаг их шаардахаар байна. Элсний нүүдлийн дагуу хийгдсэн учраас арчилгаанаас эхлээд олон зүйл хийгдэнэ. Баяжуулах үйлдвэрийн хувьд 5 сая тонн бүхий хүчин чадалтай, хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг 11 дүгээр сарын 1-нд хүлээж авахаар ажиллаж байна. Дээр нь 2 сая тонны хүчин чадалтай Тавантолгой түлш компанийг түшиглэсэн угаах буюу нойтон аргаар баяжуулах үйлдвэр 2023 оны 7 дугаар сард хүлээж авна.

10 сая тонны хүчин чадалтай том баяжуулах үйлдвэрийн 1 дүгээр блок 2024 оны 1 дүгээр улиралд хүлээж авахаар төлөвлөж байна. Ажил нэлээн эрчимтэй явагдаж байна. Эдгээр үйлдвэрүүдийг дагаад усны асуудал яригдана. Ус татах ажлыг 3 монгол компани ажлаа эхлүүлсэн" гэлээ.

Х.Номин-Эрдэнэ