С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Энхболд: Анх удаа 500 мянган иргэнээ эрт илрүүлэгт хамрууллаа
Монгол Улс анх удаа эрт илрүүлэгт 500 гаруй мянган иргэнээ хамруулсан тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлжээ.
Тэрбээр "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2020-2024 дагуу, Ерөнхий сайдын шууд санаачилга ба дэмжлэгээр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 501,739 хүн хамрагдсаныг дуулгахад таатай байна.
Дээрх үр дүнг бий болгоход хүчин зүтгэсэн нийт эрүүл мэндийн салбарын 58 мянга гаруй мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Та бүхний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд бид эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжлийн чигийг тодорхойлох big data-г бий болгож байна.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт иргэдийг хамруулснаар халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлж, оношилж, эрүүл мэндийн ноцтой эрсдэлд орохоос хамгаалж, өвчлөл хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой.
Өнгөрсөн хугацаанд нийт 501,739 иргэн үзлэгт хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын дунд өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 175,647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 24,809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд, 15,892 буюу 5.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 15,802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 10,865 буюу 4.0 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна.
Бид цаашид бодлогоор нийт хүн амд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг эмчлэх, өвчлөх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн урт хугацааны бодлогын ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Иргэн бүрийн эрүүл мэндэд хөрөнгө оруулснаар эрүүл мэндээс үүдэлтэй зардал буурч, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал өсөж, хөгжиж байдаг тул эрүүл мэндийн салбарт тогтвортой санхүүжилт, дэмжлэг туйлын чухал бөгөөд энэ жилийн хувьд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд зориулж Улсын төсвөөс 60,8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд цаашид жил бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд тодорхой төсвийг тогтмол суулгаж ажиллана" гэсэн байна.