С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
УИХ-ыг маш яаралтай тараах хэрэгтэй!
Монгол Ардын Нам Үндсэн хуулийг хүчээр өөрчлөх замаар нам болон намынхаа дарга (Ерөнхий сайд)-ын ноёрхлыг тогтоох гэж байна! Үүнийгээ ирэх 25 жилийн улс төрийн стратегийн эхлэл хэмээн үзэж байна.
УИХ-ын хаврын чуулганы эхэнд шуурхайлан хэлэлцэх Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд золтой л социализмыг эргэж сэргээнэ гэчихсэнгүй. Гэхдээ л "төвлөрүүлэн захирах тогтолцоо" буюу "захиргаадалт"-ыг эргэж сэргээхээр зориг шулууджээ. Уг төсөлд аймаг, нийслэлийн засаг даргыг Ерөнхий сайд шууд томилохоор тусгасан байна. Бас Дархан, Эрдэнэт хотуудыг улсын чанартай хот хэмээн тогтоогоод засаг даргыг нь мөн Ерөнхий сайд томилох бололтой.
Хотуудыг засаг захиргааны нэгжтэй адилтган үзээд улсын болон орон нутгийн хэмээн ангилдаг нь дарангуйлан захиргаадах тогтолцооны архаг зан. Хотуудыг захиргааны нэгж гэж үзсэнээр засгийн газрын хяналт, мэдэлд оруулж буй нь тэр юм. Хуучин социалист орнуудад ийм байлаа.
Захиргаадалтын тогтолцоо эргэж сэргэвэл юу болох вэ? Аймаг, нийслэл болон том хотуудын засаг дарга нар иргэдийнхээ төлөө зүтгэхээ болино, тэдэнд үйлчлэхгүй. Зөвхөн өөрийг нь томилдог Ерөнхий сайдад зүтгэж, үйлчлэх болно. Учир нь тэдний эрх мэдэл ард түмнээсээ биш Ерөнхий сайдаас уг сурвалжтай болсон учраас!
Энэ ч эхлэл төдий. Цаашдаа бүр том үйл явц болно; захиргаадалтын дэглэмийг сэргээмэгц улс төрийн тогтолцоо нь хар аяндаа авторитари дарангуйлал руу гулсдаг зүй тогтолтой. Үүнийг манай хойд хөрш болон Туркийн туршлага нэн тод харуулсан. Тэгэхээр Монгол Улсад Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр дарангуйлал руу "тайван шилжилт" хийгдэх зам тавигдана.
Тэрхүү шилжилт хэрхэн явагдах бол?
УИХ-ын сонгууль порпорцианаль буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явна. Ийм тогтолцоогоор сонгууль явахад УИХ-ын гишүүд ард түмний элч байх чадваргүй болж зуун хувь "намын элч" болно.
Ялсан намын дарга Ерөнхий сайд болно. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын албат болно. Яагаад гэвэл гишүүнийг эгүүлэн татах заалт Үндсэн хуульд орж байгаа бөгөөд намын даргатайгаа зөрвөл гишүүн мандатаа алдах эрсдэлтэй. Ингээд "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн" хэмээх Үндсэн хуулийн заалт нэр төдий үлдэж, УИХ нь Ерөнхий сайдын хүслээр хууль тогтоодог газар болно.
Ялсан намын дарга, Ерөнхий сайд нь аймаг, нийслэл, Эрдэнэт, Дархан зэрэг нэгжүүдийн засаг даргыг томилно. Тухайн нэгжийн иргэдийн хурлуудад аль нам ялах нь Ерөнхий сайдад падгүй байх болно!
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сум, дүүргийг ардчиллын "манаан"-д үлдээж байгаа бололтой юм билээ. Оршин суугч иргэд нь өөрийгөө нэр дэвшүүлсэн хүнийг засаг даргаар сонгох юм байна. Сонсоход сайхан боловч үнэндээ сум, дүүрэг өөрөө шийдэж чадах асуудал бараг байхгүй, аймаг, нийслэлийнхээ татаасаар амьдардаг жижигхэн нэгжүүд шүү дээ! Бие даасан засаглал байх нь битгий хэл Ерөнхий сайдын өршөөл ивээлд нь багтвал азны юм болно. Лүндээжанцан ардчиллыг ингэж шоглож бах таваа хангаж байна даа!
Сум, дүүрэг гэлтгүй төрийн бусад инстүүц ч Ерөнхий сайдын ноёрхлоо тогтоох шуналд дийлдэнэ. УИХ-ыг дороо хийчихсэн, дээрээс нь засаг захиргааны бүх хүч нөөц, төсөв хөрөнгийг төвлөрүүлэн атгачихсан тийм Ерөнхий сайдын "түрэмгийлэл"-ийн эсрэг төрийн бусад инстүүцүүд ч тэсч зогсож чадахгүй ээ.
Юун шүүхийн хараат бус байдал, юун прокурорын хараат бус байдал, юун цэцийн Үндсэн хууль сахиулах?! Бүгд төсвийн үлдэгдэл царайчлан "амьдрал гуйж" Ерөнхий сайдын үүдний өрөөнд оочёрлон сууцгаана даа.
Ерөнхийлөгч маань жинхэнээсээ бэлэгдэл төдий албан тушаалтан байх вий. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг гуйн ажлаа залгуулдаг, ардчиллын үзүүлэн төдий "мануухай" болно л доо. Нэг удаа ингэх шахсан юм шүү!
Шилжилт ийн явагдах нь ээ. Захиргаадалт бол "эзэн"-ийхээ ноёрхлыг тогтоон бататгадаг систем!
Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсгийн УИХ-д өргөн барих гэж байгаа "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт" хэмээх хуулийн төсөл өөрөө улаан цагаан хууль зөрчин өргөн баригдаж байгаа юм.
2010 оны 12-р сарын 23-нд УИХ батлан, одоо мөрдөгдөж буй "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай" хэмээх нэртэй хууль бий. Тэр хуульд "нэмэлт", "өөрчлөлт" гэж юу болохыг тус бүрээр нь их тодорхой заачихсан. Тэгээд зогсохгүй уг хуулиар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх асуудлыг "нэмэлт", "өөрчлөлт" нэрээр оруулж ирэхийг шууд хориглосон буй. Одоо УИХ-аар хэлэцэх гэж байгаа хуулийн төсөл бол яг үнэндээ Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх гэж байгаа төсөл! Юун нэмэлт, өөрчлөлт!
Лүндээжанцан яаж байгаа юм бол? Хууль зөрчсөн учраас Ерөнхийлөгч хориг тавих нь ойлгомжтой. Хууль зөрчин хууль тогтоож байгаа тул цэц дээр маргаан үүсэх нь бас ойлгомжтой. Энэ бүгдийг бөөн туршлага бүхий эрхэм гишүүн мэдэхийн цаагуур мэднэ ээ!
Тэгэхээр УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа Ардын нам Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гээчээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авалгүйгээр хүчээр хийхээр шийдсэн нь гарцаагүй. Энэ аргыг УИХ 1998 онд Үндсэн хуульд "дордохын долоо"-н өөрчлөлтийг оруулахад хэрэглэж байсан. Үүнийгээ дахин хэрэглэнэ!
Магадгүй хуулийн маргаан үүсвэл өөрийн намын гишүүн, цэцийн дарга Д.Одбаяраар Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргуулах гээд хэдийнээ бэлдсэн байх!
Ардын намын энэ балмад санаархлыг бусад улс төрийн хүчнүүд хамтран таслан зогсоох хэрэгтэй. Ардчиллын төлөө биш юмаа гэхэд Хятад шиг нэг намын манлайлал доорхи олон намын тогтолцоонд шилжихийг хүсэхгүй байгаа бол хүчээ нэгтгэн тулалдах хэрэгтэй. Тоглоомын намууд болцгоохгүйн төлөө үзэлцэх хэрэгтэй. Нийлж байгаад УИХ-ыг маш яаралтай тараах хэрэгтэй! Ардчилсан намын тэмцлийг дэмжих хэрэгтэй!