С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хиймэл дагуултай болоход хийрхэл хэрэггүй
Үндэсний хиймэл дагуултай болох эцсийн шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар дэнслэхтэй зэрэгцэн улс төрийн уур амьсгал хөдөлгөөнд оров. Хиймэл дагуул, цахилгаан холбооны инженер мэргэжилтэй, 20 гаруй жил энэ салбартаа мэргэшсэн туршлагатай Ч.Анар төслийг хэрэгжүүлэх өртөг хэтэрхий өндөр байгааг шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ч түүний байр сууринд хүч нэмэх шиг боллоо. Хэлэлцэж байгаа асуудлаар хэнээс ч хамаарахгүйгээр өөрийн байр суурийг илэрхийлэх нь УИХ-ын гишүүнд хуулиар олгосон бүрэн эрх. Байнгын ажиллагаатай парламентын онцлог нь ч тийм.
Угаас Парламентын танхимд олон ургалч үзэл дор бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг нь байдаг л үзэгдэл. Дэмжсэн санал хэлж болно, эсвэл шүүмжлэл дайх эсэх нь тухайн гишүүний онцгой бүрэн эрх. Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Үндэсний хиймэл дагуулын талаарх танилцуулгатай холбогдуулж үг хэлсэн УИХ-ын гишүүдийн эсрэг тэсрэг байр суурь үүний нэгээхэн жишээ. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл тойрсон асуудлаар шүүмжилсэн болгоныг улстөржүүлэх, эсвэл шууд эсэргүүцсэн байдлаар хүлээж авах, ойлгуулах нь өрөөсгөл.
Гагцхүү Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох төсөвт өртгийн хэмжээ үнэхээр бодитой эсэх нь нийгэм, улс төрийн хүрээнд эргэлзээ төрүүлэх учиг болсоор удлаа. Угтаа бол Францын Ерөнхийлөгч Э.Макрон болон Монголын Төрийн тэргүүн У.Хүрэлсүх нарын анхны бөгөөд албан ёсны харилцан айлчлалын хүрээнд тохирсон томоохон төслийн нэг нь хиймэл дагуул. Хиймэл дагуулын төслийн “автор” Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байхдаа Францын “Таляс Аляна” групптэй зурсан гэрээний дагуу хэрэгжүүлэхээр болсон төсөл. “Таляс Аляна” нь технологийн чиглэлийн жирийн нэг компани биш.
Италийн оролцоотой, Францын төрийн өмчит групп. Олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалдаг учраас үйл ажиллагаа нь “шилэн”. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй хиймэл дагуул бүтээж, сансрын орон зайд хөөргөсөн туршлагатай. Үндсэндээ Монгол, Францын Засгийн газар хооронд жил гаруйн хугацаанд хэлэлцээр үргэлжилж, эцсийн шийдэлд хүрснээр манай талаас гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төслийн нийт санхүүжилтийн 15 хувийг 2024 оны Төсвийн тодотголд суулгасан нь наймдугаар сарын үйл явдал. Ерөнхийлөгч даргалж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрэлдэхүүнд нь багтдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эцэслэн Зөвлөмж гаргаснаар төсөл гараанаас гарна гэсэн үг. Тэр нь цаг хугацааны л асуудал юм.
“Таляс Аляна” групптэй хийсэн гэрээний хүрээнд Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болох өртгийг 314,4 сая еврогоор тооцож буй. Азербайжан улс харилцаа холбооны хиймэл дагуулыг хөөргөхдөө дунджаар 600 сая ам.доллар зарцуулсантай харьцуулахад 800 орчим тэрбумаар бага өртөг. Үүний 15 хувийг Монгол Улс гаргах бол үлдсэн 85 хувийг “Таляс Аляна” группээр дамжуулж, 15 жилийн хугацаатай хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэх нь гэрээний нэг онцлог. Хиймэл дагуул үйлдвэрлэх болон газрын станцын тоног төхөөрөмжийн зардлыг Франц Улс бүрэн хариуцах хэрэг.
ТЭЗҮ-д тусгаснаар “Таляс Аляна”-гийнхан дан ганц хиймэл дагуул бүтээгээд зогсохгүй Монгол Улсын хэмжээнд дөрвөн ширхэг газрын станц байгуулах юм. Ингэхдээ Орбитод байдаг Наран станц төвд гол удирдлагын системийг байршуулахаар төлөвлөжээ. Үлдсэн гурван газрын станцыг Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт байгуулна.
Нэг үгээр, Монгол Улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болсноор хилийн чинадаас бус Орбитод байгуулах төв удирдлагын системээр дамжуулж Монгол Улсын нийт нутаг дэвсгэр болох 1.56 сая хавтгай дөрвөлжин километрт ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр хаанаас ч интернэт сүлжээнд холбогдоно. Технологийн “магнат” Элон Маскийн дэлхий даяар нэвтрүүлэх болсон “Старлинк”-аас үнийн хувьд хямд, хамгийн гол нь удирдлагыг дотооддоо авснаар, кибер аюулгүй байдалд эрсдэл гарахгүй гэдгээрээ давуу талтай.
Нэг их наяд гаруй төгрөгөөр үндэсний хиймэл дагуултай болж байхаар хилийн орчмын бүс нутгаараа “Старлинк”-ийн төхөөрөмж суурилуулах нь хэмнэлттэй гэсэн санал нийгмээс ч, УИХ-ын түвшинд ч нэг бус удаа гарсан уу? гэвэл гарсан. Тийм байлаа гэж бодоход ОХУ, БНХАУ-ын зүгээс зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй, бараг боломжгүй. Хэдийгээр технологийн тусгаар тогтнолыг бий болгох нь аль ч улсад байх ёстой асуудал ч хоёр хөршийнхөө ашиг сонирхолд нийцсэн байдлаар хөгжих нь бидэнд хэрэгтэй бас ашигтай.
“Старлинк” хиймэл дагуул нь сансрын замын Нам орбит буюу /LEO/ дэлхийгээс 550 км зайд байршдаг, амьдрах хугацаа нь 5 жилээс хэтэрдэггүй. Харин Францтай хамтран бүтээх “Чингис” хиймэл дагуул нь өндөр орбит буюу /GEO/ дэлхийгээс 35760 км зайд байрлаж, 15-20 жил ажиллах юм. Тэгээд ч далайд гарцгүйгээс гадна хоёр их гүрний дунд оршдог, геополитикийн хувьд онцгой бүс нутагт тооцогддог Монгол Улс үндэсний аюулгүй байдал, харилцаа холбооны салбарын бие даасан байдлаа хангахад хиймэл дагуул хэрэгтэй. Хамгийн хэрэгтэй. Ганцхан жишээ дурдахад цэрэг, боомтууд, тусгай хэрэглээний сүлжээ үүсгэх боломжийг бий болгоно.
Сүүлд хийсэн судалгаанаас харахад Монгол Улсын нийт газар нутгийн 23,8 хувьд харилцаа холбоо, интернет сүлжээ нэвтэрсэн байдаг. Үлдсэн нийт газраас зөвхөн 60 хувьд нь харилцаа холбоо, интернет сүлжээг оруулахын тулд шилэн кабелиар холбох зардал нь 29 их наяд. Харин үүрэн телефониор холбоход 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энгийн бодоход жил бүр 1.7 их наяд төгрөгийн ашиглалтын зардал гарна гэсэн үг. Үндэсний хиймэл дагуултай болох нийт санхүүжилтийн хэмжээнээс 1.5 дахин их зардлыг жил бүр гаргах нь эдийн засаг талаасаа алдагдалтай. Эсрэгээрээ сансрын орон зайд өөрсдийн хиймэл дагуулыг хөөргөснөөр 15 жилийн хугацаанд хамгийн багадаа 20 их наяд төгрөгийн хэмнэлтийг гаргаж, тэр хэрээрээ ашиг хүртэх тооцоолол бий. 9.8 их наяд төгрөгийн шууд бус өгөөж буюу иргэдийн амь нас, эд хөрөнгийн хохирлыг бууруулах нь мэдээж боломж.
Өөр нэгэн асуудал бий нь хаа холын Франц улсаар үндэсний хиймэл дагуулаа хийлгэж байхаар хөрш зэргэлдээ БНХАУ-тай түншлэх боломжтой байсан гэх асуулт? Мэдээж боломжтой. Гэхдээ Монгол Улс Радио давтамжийн бүсчлэлээрээ Европын буюу Хоёрдугаар бүсэд хамрагддаг. Европын холбооны улсаар хийлгэх нь давуу талтайгаас гадна 20-40 хувиар хямд тусна гэсэн үг. Өдгөө дэлхийн хэмжээнд БНХАУ, ОХУ, Франц тэргүүтэй зургаан орон хиймэл дагуулын технологийн салбарт “ноёрхдог”. Эдгээрээс хамгийн боломжит хувилбар нь Франц улс болсон хэрэг. Гээд тоочвол яагаад Францтай, “Таляс Аляна”-тай гэрээ зурсан шалтгаан олон, мөн тодорхой.
Ийнхүү зарим шүүмжлэл, эсэргүүцэлтэй түрүүчээсээ нүүр тулсан ч Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний тусгаар тогтнол бүрэн хангагдаж, байгалийн гамшиг, онцгой байдлын бүх цаг үед найдвартай шуурхай, үл тасалдах холбооны системтэй болох ёстойг хаа, хаанаа хүлээн зөвшөөрч, дор бүрнээ мэдээлэлтэй болж эхэлсэн нь өөрөө маргаангүй дэвшил. Эцсийн дүндээ хиймэл дагуултай болоход хийрхэл хэрэггүй гэдгийг нийтээрээ, нийгмээрээ ойлгох нь цаг хугацааны л асуудал байх нь.
Г.Эрхэс