С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төр өмчөөсөө татгалзах хуулийн сураг
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт жил бүр тайлан ирүүлдэг 99 компани бий. Харьяа болон хамааралтайг нь оруулбал нийт 122 компани Төрийн өмчид бүртгэлтэй. Үүн дээр 21 аймаг, нийслэлийнх буюу орон нутгийн өмчийнхийг нэмж тооцвол энэ тоо хэд дахин нугарна. Эдгээрээс улсын төсөвт төвлөрүүлдэг орлого нь 5.8 их наяд. Гэхдээ тавхан компанид хамаарах асуудал. Орлого бүрдүүлж, ашигтай ажилладаг нь тав гэсэн үг. 122-оос гарын таван хуруунд багтах нь шүү. Дахин тодотгоё ердөө тав. Хөндлөнгийн нэгэн байтугай өөрсдөө сонсоход ичмээр үзүүлэлт.
Олон улсын валютын сангаас хийсэн шалгуур үзүүлэлтэд дурдсанаар дээрх 99 компаниас 40 хувийнх нь өр төлбөр, хөрөнгийн харьцаа эрсдэлтэй. 20 хувь нь маш өндөр эрсдэлтэй гарчээ. Улсын төсөвт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг цөөн хэсгээс бусад нь төсвөөс татаас авахын хажуугаар түрүүчээсээ хаалгаа барихдаа тулсныг Олон улсын валютын сангийнхан нийгэм, эдийн засагт үзүүлэлтээр тооцоо судалгаанд үндэслэж гаргасан нь энэ. Угтаа бол Төрийн өмчийн компаниудын эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн хэмжээ нь 64.2 их наядаар хэмжигддэг. 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ-ий хэмжээг 79.2 их наяд төгрөгт хүрэхээр тооцоолсноос даруй 15 их наядаар их гэсэн үг. Тэгсэн атлаа өр төлбөрийн хэмжээ нь 22.8 их наяд төгрөг.
Үндсэндээ жил болгон ашиггүй ажилладаг ч Төрөөс татаастай явж ирсэн компаниудыг цэгцлэх, ижил чиг үүрэгтэйг нь цөөлж, нэгтгэх замаар цомхон, чадварлаг бүтцийг бий болгохоос өөр сонголт өнөөгийн нөхцөлд үлдээгүйг дээр өгүүлсэн тоо баримт гэрчилнэ. Ганцхан жишээ дурдахад алдагдал нь ашгаасаа хэд дахин давсан есөн компанийн дарга нар үр дүнгийн урамшуулал нэрийн дор өөрсдөдөө тэрбум орчим төгрөгийн цалин олгосныг Хэрэг эрхлэх газрын дарга онцлоно лээ. Мөн огт төлөвлөөгүй, юу нь мэдэгдэхгүй 158 ажилд төсвийн 300 тэрбум төгрөг дур мэдэн зарцуулж, үрэн таран хийсэн асуудал гарсныг нэмж тодотгосон. Баримт уу, баримт. Факт уу, факт.
Ямар ч байсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бүртгэлтэй 99 компанид хөндлөнгийн аудит оруулж, тайланг нь баталгаажуулахаа сайд Н.Учрал мэдэгдлээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн боловсруулахыг өөрт нь үүрэг болгосны дараа хэлсэн байр суурь. Үр дүнд нь Төр ямар салбарт бизнес хийхээ хувийн хэвшлийнхэнд ил тод мэдээлэхээс эхлээд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогыг баримтлах зохицуулалтыг хуульд шигтгэх нь. Хэдэн компанийг татан буулгаж, хэчнээнийг нэгтгэх эцсийн шийдвэрийг албажуулах нь анхдагч хуулийн гол агуулга чиглэнэ гэсэн үг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 44 дүгээр захирамжийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Н.Учрал сайдаар ахлуулан байгуулсан саяхан. Үүгээр төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх зохицуулалтыг хуулийн шинэчлэлээр хийх үүргийг хүлээсэн.
Төсвийн орлого бүрдүүлэлт, ашигтай ажиллах чиг үүрэг, статус нь ердөө тавхан компанид төвлөрч, үлдсэн 118 нь үргэлж алдагдалтай явж ирсэн ч дарга, даамлууд нь өөрсдөдөө тэрбумаар хэмжигдэх урамшуулал олгож суугаагийн үндсэн шалтгаан нь хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, тооцоолоогүй зардал гаргадаг, засаглал нь хангалтгүй яваагийн бодит тусгал. Төр өөрөө бодлого гаргаж, өөрөө хэрэгжүүлж, өөрөө зохицуулж буйн гол алдаа. Үүнийг өөрчлөхгүйгээр, хуулиар засаглалыг нь ил тод болгохгүйгээр, санхүүгийн сахилга бат тогтоохгүйгээр байдал бахь байдгаараа л үргэжилнэ. Татаас авдгаараа авна, алдагдалтай ажилладгаараа ажиллана. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн халааснаас гарах мөнгөний хэмжээ жил тутам өсч, үргүй зардлаар үржигдэнэ.
Гагцхүү хуулийн болон бодлогын зохицуулалт нь хяналтгүй, тодорхойгүй өнөөг хүрсэн асуудлыг цэгцэлж, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нээлттэй ХК болгох шийдэл ийнхүү ойрын хугацаанд биеллээ олох нь. Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулсан Ажлын хэсгээс хуулийн төслөө эцэслэн боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлсэн тэрхүү цаг үеэс.
Угаас зардал нь өндөр байхад цалин, тоогоо нэмдэг, нэмсээр байгаа ашиггүй Төрийн өмчит компанийн тогтолцоо төсөвт дарамт болохоос бус тойглож, тордсоор байгаад нэг л өдөр ашигтай ажиллуулна гэдэг шиг үлгэр байхгүй. Засахыг нь засаад, татан буулгахыг нь буулгаад явах нь Төрд хэрэгтэй, эдийн засагт хэмнэлттэй. Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх бус бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх нь угаас Төрийн үүрэг, чөлөөт зах зээлийн зарчим. Намын батлах, даргын татаастай л бол Төлөөлөн Удирдах Зөвлөлд очоод суучихдаг байдлыг халж, нээлттэй сонгон шалгаруулдаг, тэдгээр нь Компанийн тухайн хуулиар тайлангаа ил тод тавьдаг болох нь зүй ёсны шаардлага. Үндсэн хуульд заасанчлан газрын хэвлий дэх байгалийн баялагт хамаарах стратегийн орд газар биш л бол хувийн хэвшлийнхээ орон зайг хумьж, бизнес болгон руу үсчиж, оролцож, өрсөлдөх нь Төрийн үндсэн үүрэг лав биш.
Үүгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дараагийн шилжилт буюу реформ нь Төрийн өмчит компанийн засаглалд салхи оруулж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, хуулийн тодорхой, ойлгомжтой, нээлттэй зохицуулалтай болоход чиглэхээр шулуудаж байгаа бололтой. Энд Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулсан Ажлын хэсгээс хуулийг хэрхэн боловсруулж, эцсийн байдлаар оруулж ирэх нь мэдээж сонирхолтой сэдэв. Тэр цагт өөрийн өмчөөсөө хэрхэн, яаж татгалзах нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бүртгэлтэй компаниудаас хэдийг нь татан буулгаж, хэчнээнийг нэгтгэх нь тодорхой, нээлттэй болох учраас.
Г.Эрхэс