С.Амарсайхан: Шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдан мэдээлэл сонсож, холбогдох үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт  1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “ИХ” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “ДУНД” түвшинд үнэлэгдлээ.

May be an image of 2 peopleЦаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн онцгой комиссын дарга, гишүүдэд өглөө.

Мөн "Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүйтний эрч өндөр, хур тунадас ахиу орох нөхцөл үүсэж байна. Тийм учраас аймаг, орон нутгуудад бэлэн байдлыг хангах, шинэ хоршоо хөдөлгөөний үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал зөвлөмжийг гаргах, малчдад дэмжлэг үзүүлэх зудын нөхцөл байдал, болзошгүй нөхцөлийг газар дээр нь дүгнэж, тухай бүрд нь шаардлагатай арга хэмжээг авах үүднээс шуурхай бүлгүүдийг томилж 21 аймаг 330 суманд ажиллаж эхэлсэн. Өнөөдрөөс эхэлж УОК-ын дэргэдэх шуурхай штаб 24 цагийн бэлэн байдалд шилжиж, ажиллана" гэдгийг Шадар сайд онцолсон юм.