Сайн цагийг хүлээдэггүй, харин авчирдаг!

Сайн цаг өөрөө ирдэггүй. Харин түүнийг авчирдаг гэдэг. Туйлын үнэн гэж үгүй ч хамгийн ортой бас ханатай л үг. Ардчиллыг сонгож, түүнийгээ дэлхийд тунхагласан нийгмийн гэрээ байгуулсан нь монголчуудын хувьд ЗОЛ байсан уу гэвэл тийм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, мөнхийн хоёр хөршөөсөө давсан чөлөөт сонголт бидэнд ирсэн үү, ирсэн. Гэвч улсынх нэгдүгээрт, улс төрийнх хоёрдугаарт, эцэст нь хувийнх байх эрх ашгийн эрэмбэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн бүрийн нүдний өмнө хувьсан өөрчлөгдсөн нь ардчиллын он жилүүдээс үлдсэн хамгийн том бөгөөд гашуун сургамж. Гэдэг нь хамгийн сүүлд байх учиртай эрх ашгийн эрэмбэ энэ хугацаанд хуулийн бүр Төрийн дээр сандайлж ирснийг хэлээд байгаа хэрэг.

1992 оноос эхлэн сонгуулийн үр дүнгээр байгуулж ирсэн УИХ, Засгийн газраас “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой ширхэг ч хөрөнгө оруулалт татаж чадахгүй 2009 оныг хүрсэн нь үүний энгийн жишээ. Үндсэндээ улсын эрх ашиг хөсөр хаягдаж хувийнх нь хаданд гарсны илрэл нь Оюу Толгойгоос өөр гялтайх мега төсөлгүй суугаа нь бидний бодит төрх. Зөвхөн төмөр замын бүтээн байгуулалт гэхэд “Танк орж ирнэ” гэсэн айдсын менежмент, агуулгаар хөтлөгдсөөр даруй нэгэн аравны хөгжлийг хойш чангааж, эдийн засгийн өсөлтийг таг зогсоов.

Нүүрсний уурхайгаа түшиглэн эрчим хүчний шинэ эх үүсвэр барих санал, санаачилга үе үеийн Засгийн газраас гардаг ч барих нь байтугай ширхэг хадаас хатгахаас эмээсээр өнөөдрийг хүрсэн нь эцэстээ цахилгааны хязгаарлалт хийхээс өөр сонголт үлдээсэнгүй. Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн хурдацтай хөгжлийн эринд хоёр том их гүрний тэг дунд оршдог ардчилсан Монгол Улс лаа, чүдэнз зэхээд суугаа нь инээдэм гэхээсээ эмгэнэл. Хамгийн тохуутай нь энэ бүгдийн шалтгаан нийгмээс биш эрх ашгаа нэгдүгээрт эрэмбэлсэн улстөрчдийн найруулгаар явдаг хүссэн ч, эс хүссэн ч бидний хүлээн зөвшөөрөх ёстой үнэн юм. Гагцхүү цаг цагаараа байдаггүй ажээ. Саяхан, ердөө өмнөх парламентын үед зоригтойгоор эхлүүлсэн тогтолцооны реформын үр дүн түрүүчээсээ, энэ УИХ-ын бүрэлдэхүүнээр гарч эхэлснийг энд тодотгох гээд байгаа юм.

Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн Монгол Улс 32 жилийн хугацаанд анх удаагаа 126 гишүүнтэй бүрэлдэхүүнийг “эх барьсан” нь өнгөрсөн зургаадугаар сарын үйл явдаг. Ингэхдээ салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 81 гишүүн шинээр сонгогдсон нь УИХ-ын 64 хувийг бүрдүүлээд зогсохгүй парламент төдийгүй Монголын улс төрд нэн шинэхэн түүхийг бичсэн юм.  “Энэ бол АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ, ШИНЭ 30 ЖИЛИЙН ЭХЛЭЛ болж чадлаа” гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар улиран томилогдохдоо зүгээр ч нэг чуулганы индрээс нийт монголчуудад хандан хэлчихээгүй. Харин том төсөл болгоны ард тэгнэж зогсоод гацааж, зогсоож, нурааж ирсэн улс төр, бизнес дамнасан эрх ашгийн нэгдэлд дайсан сануулга байв. 

Улс төр дэх тэдний хамаарал, дам нөлөө өнөөдөр ч амь бөхтэй оршсоор байгаа юу гэвэл тийм. Төмөр зам дээр ч, нүүрс тойрсон асуудалд ч, эрчим хүчний төсөлд ч мөн адилхан бий. Гэхдээ тэдний нийгэм, эдийн засагт бий болгосон “ноёрхол” энэ парламентын үед дуусгавар болох агуулгатай нэгэн шинэтгэлийг Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлснийг УИХ-аар хэлэлцэж баталсан нь Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт байлаа. Хайгуул нь 1997 оноос эхэлж, хуулийн зохицуулалтыг нь 2009 онд баталсан эл хуулийн зорилго ганцхан гол зорилготой байсан нь Монгол Улсад уран олборлохыг хориглосон заалт. Энэ хооронд хоёр толгойтой тугалнаас эхлээд хордсон нутгийн эрэлд монголчууд гарцгаасан. Бүгдээрээ ч биш юм, гадаад, дотоодын захиалгатай хэсэг бүлэг хүмүүс л дээ. Эсрэгээрээ Монгол, Францын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үр дүнд бий болсон дээд түвшний тохироо энэ Засгийн газар, УИХ-аар албажиж, хуульчилснаар Оюу Толгойгоос хойш “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой мега төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах зам шуударч байх шиг. 

Ялгаатай нь, Оюу Толгойн гэрээг байгуулж асан 2009 оны алдаа энэ удаад давтагдахгүй. Гэдэг нь 15 жилийн тэртээ анх баталсан цаг үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд гар хүрээгүй Цөмийн энергийн тухай хуульд шигтгэсэн нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Орано” групптэй Хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Францын Төрийн өмчийн “Орано” групп ураны олборлолт явуулахдаа өөрсдийн бус Монголын дүрмээр тоглохоор болж байна. 

Гэхдээ Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн “Орано” гэсэн ганц хөрөнгө оруулагч, ганцхан төсөлд зориулж батлаагүй гэдгийг тодотгох нь зүй. Эсрэгээрээ хөрөнгө оруулагчдад хамгийн халтай явж ирсэн хууль, эрх зүйн ойлгомжгүй байдлыг гадаад, дотоодын дам нөлөөнөөс үл хамаарахгүйгээр цаг тухай бүрд нь засч, сайжруулах боломжтой, харилцан ашигтай байдлаар хамтарч ажиллаж болдгийг харуулсан нь маргаангүй эерэг дохио болж буух нь тодорхой. Нөгөө талаас хуулийн зохицуулалт, Хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгийг үүгээр халж чадсан нь улс төр талаасаа зөв жишиг, хөрөнгө оруулагч талаасаа бүх асуудал нь нээлттэй, ойлгомжтой байх эхлэлийг тавьснаас өөрцгүй юм.

Дан ганц уран олборлолт гэлтгүй “Төмөр замын өргөн, нарийн цариг тойрсон хил холболтын цэгийн тодорхой болгосон. Өргөн, нарийн цариг холбогдоно. Харин терминалуудын хувьд Гашуунсухайт-Ганц мод хамгийн эхэнд, дараа нь Шивээхүрэн, гуравдугаарт Бичигт, дөрөвдүгээрт Ханги-Мандал баригдана. Цаашид Тавантолгойд Хятадын компани хувь эзэмшихгүй. Өргөн, нарийн царигийн төмөр замууд холбогдоно. Эдгээр асуудалд Хятадын тал олон жилийн дараа буулт хийж байна. Тиймээс хэдүүлээ дотоодын маргаанаа дуусгаад цаашаа явахад тохиромжтой цаг ирээд байна” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн байна лээ. Оргүй ч үг биш. Харин сайн цаг өөрөө ирэхийг хүлээгээд суух биш эсрэгээрээ түүнийг авчрах торгон мөчлөгийг энэ Засгийн газар, УИХ байж болох бүх түвшинд ашиглах ёстойг онцолсон Ерөнхий сайдын боловсон сануулга болов уу! 

Г.Эрхэс