Н.Энхбаяр сонгогдох эрхээ олж авахаар Цэцэд хандлаа

Гавьяат хуульч Ц.Шаравдорж болон иргэн Д.Шонхоо нар Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Цэцэд өргөдөл гаргажээ. Өргөдөлд:


1. Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Мон­голын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд орол­цож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн  байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 16.9-д “шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ” гэсэн заалтууд нь Монгол Улсын иргэн бүрийн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх ардчилсан зарчим, салшгүй эрхийг тунхаглан зарлажээ. Гэтэл  УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, Монгол Улсаас гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдран сууж байгаа, мөн сурч боловсрон байгаа иргэдийнхээ Сонгуульд санал өгөх эрхийг хангаж зохицуулаагүй орхигдуулсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна.

2. Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт оруулсан нь мөн “Сонгох, сонгогдох” эрхийг зөрчөөд зогсохгүй, Цэцийн 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 06-р дүгнэлтэд “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ан­гид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг  агуулсан байна.”, “Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэрт дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх“ гэж заасан нь Үндсэн хуулийн 16.9 дэх хэсгийн “ …төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21.3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэснийг Улсын Их Хурал Үндсэн Хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн хуульд зааж тогтоосон хүний “Сонгогдох эрх”-ийг зөрчсөн заалтыг хүчингүй болгосон, мөн Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байтал үл хайхарч, Үндсэн хууль зөрчсөн заалтыг илтэд санаатайгаар дахин оруулж ирж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд халдсан бусармаг явдал, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл гэж үзэхээс аргагүй байна.

Авилга, албан тушаалын хэрэг ноцтой ч, иргэдийн амь бие, аюулгүй байдал, төрийн тусгаар байдалд нэн хор аюул учруулдаг хүн амь, хүчин, дээрэм, эх орноосоо урвах, төрийн нууцыг задруулах мэт олон хэргүүдийг авч үзээгүй, Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, эх үүсвэрээ тогтоож чаддаггүй асар их мөнгө, валют, хар тамхины хэргүүдийг огт дурдахгүй, ганцхан “албан тушаалын” гэх хэргийг онцолж байгаа нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна” гэжээ.

 

Мөн Сонгуулийн тухай хуулиар гадаадад суугаа монголчууд санал өгөх эрхгүй болсныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Улмаар

1. Монгол Улсын гадаадад байгаа иргэдийнхээ Үндсэн хуулиар тогтоосон, эдлэх ёстой “Сонгох, сонгогдох” эрхийг Сонгуулийн хуульд хуульчлан тогтоогоогүй нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай;

2. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-р заалтыг хүчингүй болгох өргөдлийг тус тус гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү” гэсэн байна.

Оны өмнөхөн УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Т.Аюурсайхан, О.Баасанхүү нарын гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох заалт оруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэнийг эцэслэн баталсан билээ. Уг саналыг хэлэлцэхтэй зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд ирж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй нартай уулзсан ч тусыг олоогүй юм.

Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг парламент эцэслэн баталсан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй улстөрчдийг ирэх сонгуульд нэр дэвшихийг хязгаарлаад буй. Хэдийгээр уг заалтын хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавина гэсэн найдлага Н.Энхбаяр тэргүүтэй хүнд байсан ч Тамгын газрын дарга З.Энхболд тийм асуудал байхгүй гэдгийг онцолсноор энэ асуудал намжсан юм. Нэг үгээр МАХН-ын даргын сонгуульд нэр дэвших эрхээ олж авах эцсийн найдвар болох Цэцэд маргаан үүсгэх эсэх нь цаг хугацааны асуудал байсан ч ийнхүү Ц.Шаравдорж тэргүүтэй хуульчдаар дамжуулан өөрт үлдсэн боломжоо эрэлхийлж эхэллээ. 

МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд ялтайд тооцох хугацаа нь дуусгавар болоогүй гэх үндэслэлээр 2013 оны Ерөнхийлөгчийн, 2016 оны УИХ-ын, 2017 Ерөнхийлөгчийн гэсэн гурван ч сонгуульд нэр дэвших эрхээ хязгааруулаад байсан юм. Харин энэ удаад авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээс ял ногдуулж байсан гэдэг үндэслэл нь түүнийг дөрөв дэх сонгуульд нэр дэвших боломжийг нь хязгаарлаад байна.

Эцэст нь хэлэхэд гавьяат хууль Ц.Шаравдоржийн Цэцэд гаргасан өргөдлийг хүлээж авах, тэр тохиолдолд хэрхэн шийдвэрлэхээс Н.Энхбаяр даргын сонгуульд нэр дэвших эсэх нь бүрэн хамаарахаар болж байна.