НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Н.Түвшинбаярыг суллаж, хилийн хориг тавилаа
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021 оны 05 дугаар сарын 19 –ний өдөр Н.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Найдангийн Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байсан юм.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар