Шатахуун тээвэрлэж яваад унасан галт тэргийг босгож, төмөр замын хөдөлгөөнийг нээжээ

Орхон аймаг руу шатахуун тээвэрлэж яваад замын хажуу руу унасан зургаан вагоныг босгож, эвдэрсэн төмөр замыг засварлан хөдөлгөөнийг хэвийн болгожээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газарт энэ сарын 22-ны өдөр усархаг бороо орж төмөр замын ул шороо угаагдан, замд гэмтэл гарсны улмаас шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагонууд төмөр замаас гарсан юм.

Ачааны галт тэрэгний 8 вагон замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожиж байсан тул түлшний асгаралтыг зогсоох, юүлэх, сэргээн босгохоор тус аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд ажиллаж байна.

Зургаадугаар 26-ны 06:00 цагийн байдлаар 6 вагоныг босгож, түлш /360 тн/-ийг юүлж дуусгасан бөгөөд 1 вагон техникийн тос /60 тн/-ыг мөн өдрийн 16:10 цагт юүлэн авч 19:10 цагт вагоныг татан босгосон бөгөөд татан босгосон вагонуудыг Салхит өртөөнд хүргэжээ. Эвдэрсэн төмөр замыг сэргээн босгож Галт тэрэгний хөдөлгөөнийг хэвийн болгосон байна.