Хурдан морины уралдааныг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргажээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэдсэн хуралдаанаар оруулж батлуулах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх дэмжив. 

Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан Үндэсний Их баяр наадамтай холбоотой сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлд тусгагдсан зүйлс гуравдугаар сарын 31-нийг хүртэл байсан. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал тэс өөр болсон. Тогтоолын төсөлд нэмж тусгах шаардлагатай олон зүйл бий. Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хурцаар тавигдаж байна. Ялангуяа хөдөө, орон нутагт халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор амьсгалын аппаратын хомсдолтой байна.

Үүнээс гадна наадмаар хурдан морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөнд ХЭҮК шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь хүүхдүүдийг морь унуулах нь халдварын өндөр эрсдэл дагуулахаар байна. ХЭҮК-оос морины уралдааныг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргаж байна" гэлээ.