НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Эрүүл мэндийн салбарынханд 1-2 сая төгрөгийн тэтгэмж олгоно
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Тэрээр "Эрүүл мэндийн салбарт нэмж санхүүжилт олгох зорилгоор төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.
Эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөг нэмж олгохоор төсвийн тодотголд тусгасан. Энэ мөнгийг улаан бүсэд ажиллаж байгаа эмнэлгийн 13 мянган ажилтанд нэг удаа хоёр сая, улаан бүсэд ажиллаагүй эрүүл мэндийн салбарын 19.5 мянган ажилтанд нэг удаа нэг сая төгрөгийн тэтгэмж олгоход зарцуулна. Үүнээс гадна улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ. Нэмж 2000 ор дэлгэхэд 110, резидент эмч нарыг дайчлахад 3.7, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг зарцуулна.
Мөн айл өрхүүдийн орлогыг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг он дуустал олгох саналыг тусгасан байгаа. Түүнчлэн айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн хураамжийг он дуустал төрөөс олгоно. Сайжруулсан түлшний үнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл 50 хувиар бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгасан" гэлээ.