НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
О.Батбаяр: Дельта хувилбарыг хөл хорио тогтоохгүйгээр давах төлөвлөгөөтэй байна
"Ковид-19"-ийн нөхцөл байдлын долоо хоногийн тоймыг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. Энэ үеэр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19-ийн "Mu" хэмээх шинэ мутаци хувилбарыг судалж байгаа талаар мэдээлсэн. Mu буюу B.1.621 хэмээх уг хувилбарыг ДЭМБ-ын ажиглалтын жагсаалтад наймдугаар сарын 30-нд оруулсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 43 улсад бүртгэгдээд байна.
Манай улсад гэр бүлийн дунд халдварын тохиолдол маш өндөр байна. Улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор иргэд шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Улсын хэмжээнд оношлуурын нөөцийг хангасан. Мөн коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэх Ремдесивир тарилгыг 100 мянган тунг өчигдөр хүлээн авсан.
Турк зэрэг гадагшаа явж буй иргэдийн дунд өвчлөл, тэр дундаа дельта хувилбар их байна. Иймээс жуулчдын компаниуд болон гадагшаа аялахаар явж буй иргэдэд татгалзах зөвлөмжийг хүргүүлсэн. Цаашид хориглох байх. Аялал жуулчлалын компаниуд гэрээ хийхгүй байхыг уриалж байна. Мөн иргэдийг гадагшаа аялахгүй байхыг уриалж байна. Турк зэрэг улс орнууд руу аялсан иргэдийн дунд дельта хувилбарын өвчлөл ихээр бүртгэгдэж байна" гэлээ.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Амны хаалтаа зүүж, гараа угаах зөвлөмж иргэдийн дунд хэвшээд удаж байна. Гэтэл эсрэгээрээ халдварын тархалт их байна. Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
-Дельта хувилбарыг хөл хорио тогтоохгүйгээр давах төлөвлөгөөтэй байна. Дараагийн арга хэмжээг авах шаардлага нь хөл хорио. Хөл хорио тогтоохгүй давах учраас иргэдийн хариуцлага маш чухал. Иргэд гэр бүлийн орчинд халдвар авч байна. Тиймээс маскаа гэртээ ортлоо авч болохгүй. Өөрөөр энэ давлагаанаас сэргийлэх арга байхгүй. Намрын цагт хурим, найр нэмэгдлээ. Баянхонгор аймагт хуримд очсон 35 хүнээс халдвар илэрлээ. Найр, наадмыг бүрэн зогсоомоор байна. Нөхцөл байдлыг УОК-т танилцуулсан. Тиймээс удахгүй шийдвэр гаргах байх. Мөн үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шаардлагатай.
-Хүнсний дэлгүүрүүдийг 22.00 цагт хааж байгаа. Ямар шалтгаанаар ийм зөвлөмж өгч байгаа юм бэ?
-Амны хаалтаа аваад дотоод орчинд үйлчлүүлж байгаа нь эрсдэл дагуулж байна. Амны хаалтыг хэзээ ч авч болохгүй. Дэлгүүрийн үйлчилгээг хязгаарла гэсэн зөвлөмжийг өгөхгүй байгаа. Харин амны хаалтаа аваад үйлчлүүлж байгаа газруудыг 22.00 цагаас хойш хаах хэрэгтэй. Иргэн хүн өөрийгөө боддог бол амны хаалтаа аваад үйлчлүүлдэг газраар үйлчлүүлэхгүй байх ёстой.