Э.Цэндбаатар: Намайг зодсон хоёр ахдаа гомдол санал байхгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Боксын холбооны 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон нь саяхан. Улмаар гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан нь нийгмийн анхаарлын төвд ороод буй. Сонирхолтой нь, уг шийдвэртэй холбогдуулж, гавьяат тамирчин Э.Цэндбаатар байр сууриа илэрхийлж, тайлбар хийжээ.

Тэрбээр “Монголын Боксын холбооны шийдвэрт би харамсахгүй байна. ДАШТ-д орох эрхийг минь хассан болохоос боксоо битгий тогло гэж хэлсэнгүй. Би боксдоо хайртай. Иймд Монголын боксын холбоо болон үе үеийн боксчдоос уучлалт гуйж байна. Би өөрийн алдаанаас болж архи ууж, тамирчин хүний хувьд зөрчил гаргасан. Энэ бол миний буруу.

Тэр өдөр Монголын Боксын холбооны ерөнхийлөгч сонгогдсон бөгөөд дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар тамирчин, дасгалжуулагчдаа бүгдийг хоолонд урьж оруулсан. Тэнд элдэв архины төрлийн зүйл байгаагүй юм шүү.

Энэ уулзалтын дараа би дээд үеийн ах нартайгаа тавуулаа нийлж, өөр газар очин, улмаар ийм асуудал гарсан юм. Монголын боксын холбооны удирдлагуудын шийдвэр зөв. Намайг зодсон хоёр ахдаа гомдол санал байхгүй. Цагдаагийн байгуулагад ч үүнийгээ илэрхийлсэн. Энэ бүх үйл явдал архинаас л болсон. Архи уудаг нь миний л буруу. Удахгүй ДАШТ болох гэж байна. Би дараа дараагийн үеийн дүү нарынхаа бэлтгэлийг сайн хангаж, бэлтгэлийг нь хийлгэх болно. ДАШТ-ээс медаль авна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Э.Цэндбаатар нь “Рио-2016” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн хошой  аварга юм.