Хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийн хүрээнд хүндэтгэл үзүүлжээ. Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон.

Өнөөдрийн байдлаар 31.357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгаад байна. Үүнээс давхардсан тоогоор 19.434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлжээ. Мөн хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэдтэй хамтран олон хөшөө дурсгалыг бий болгож, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг тодруулсан олон ном товхимол, баримтат бүтээлийг олон нийтэд хүргэжээ.Түүнчлэн улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй обьектыг байгуулсан байна.