Танхимын сургалтыг цахимд шижлүүлэх шаардлага

Улсын хэмжээнд есдүгээр сарын 17-ны байдлаар цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн ерөнхий боловсролын 227 сургууль байна. Нийт 1343 бүлгийн 36 мянга 399 сурагч цахимаар хичээллэж байгаа нь энэ юм. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэгдүгээр хавьтал болсон 28 мянга 23 суралцагч, 1885 багш гэрийн тусгаарлалтад шилжиж, хичээл сургалтаа зайнаас удирдан чиглүүлжээ.

Мөн танхимын сургалтыг бүрэн цахимд шилжүүлэх хүсэлт гаргасан 320 сургуулийн 22 мянга 449 суралцагч байна.

Ингэхдээ дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлжээ. Үүнд:

  • Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн,
  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн,
  • Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн,
  • Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлжээ.