“Экспо Дубай 2020” үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид оролцож байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Тус үзэсгэлэн нь “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр 2021 оны 10 дугаар сарын 1-ээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 6 сарын туршид зохион байгуулагдах юм.

“Экспо Дубай 2020”-ын ерөнхий сэдвийн хүрээнд Монгол Улсын павильоныг тохижуулж, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгалыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба боломжуудыг сурталчлан, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулж байна.

 

Үзэсгэлэнгийн үеэр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Монголын Үндэсний Өдөрлөг” болон бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа бий болгох, харилцан туршлага солилцох боломжийг нээх юм.

Арабын Нэгдсэн Эмират Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жил тохиож байгаатай холбогдуулан энэ жил Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын нийслэл Абу Даби хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулах гэж байгаа билээ.

Үзэсгэлэнд Монгол Улс оролцох шийдвэрийг 2018 онд Засгийн газраас гаргасан бөгөөд оролцох бэлтгэл ажлыг Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна.