З.Дашдаваа: Их наяд төгрөгийн хохирлоос 90 тэрбумыг нөхөн төлүүлсэн

"Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган" Төрийн ордонд болж өнгөрсөн. Энэ үеэр АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа авлига, гэмт хэргийн талаарх мэдээллийг танилцуулсан юм.

Тэрбээр "Авлига албан тушаалын гэмт хэргийн холбогдогчийн багагүй хувь нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд байна. Тухайлбал, нэг жилийн хугацаанд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн дунджаар 10 хувь нь улс төрийн албан тушаалтнууд байгаа бөгөөд эдгээр нь төрийн өндөр албан тушаалтнууд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг гажуудуулан олон түмний итгэлийг хөсөрдүүлсөн.

Авлигатай тэмцэх газарт 2020 онд шалгасан хэргийн тоог тус байгууллага анх байгуулагдсан 2007 оныхтой харьцуулбал 15 дахин их, арван жилийн өмнөхтэй харьцуулахад арав дахин, таван жиийн өмнөхөөс тав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл илрүүлэн шалгаж байгаа авлига албан тушаалын гэмт хэргийн тоо байнга өсөн нэмэгдэж байна. Нэг ноцтой үзүүлэлт нь энэ төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тоо эрс нэмэгдэж байгаа явдал юм. Эхний найман сарын байдлаар шалгагдсан авлигын гэмт хэргийн улмаас нэг их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 90 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсөн” гэлээ.