"Мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй"

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун "Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Хуульд мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил болгон хуульчилж, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсныг 2020 оны нэгдүгээр сарын 10-наас нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг. Харин мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дахь зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

2020 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 гэмт хэрэг бүртгэгдэж, хэргийн тоо 5.8 дахин өссөн. Мөрийтэй тоглоом зохион байгуулж буй болон тоглож буй этгээдүүд гэмт хэргийг санаатайгаар үйлддэг. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Захирал, удирдлагууд нь мөрийтэй тоглоом тоглосноор аж ахуйн нэгж, компаниуд нь дампуурах хүртэл хохирол учирч байна.

Зохион байгуулж буй этгээдүүд тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг харах, солих, тоглогчид давуу байдал олгож хожуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон. Иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй.

Өдөрт дунджаар 1000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2000 орчим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийж буй судалгаа гарсан. Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагууд арилжааны банкны данс ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэмт хэргийг таслан зогсоохоор хамтран ажиллаж байна.

Одоогоор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаад, тухайн сайтуудад байршсан мөнгийг татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ажиллаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож, их хэмжээний мөнгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна. Мөн арилжааны банкан дахь дансыг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглодог байдлыг таслан зогсоох, мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийж буй иргэдийн арилжааны банкны дансанд хуулийн хүрээнд хязгаарлалт тогтоож байна. 

Сайт дээрх дансанд иргэд мөрийтэй тоглохоор мөнгө хийснээр тухайн иргэнд дахиж олгогдохгүй. Иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд мөрийтэй тоглоом зохион байгуулж буй талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлнэ үү. Мэдээлэл өгсөн иргэн байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллах болно" гэдгийг сануулсан юм.