У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Ө.Сумъяабаатар: Хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо
Баянгол дүүрэгт аравдугаар сард хоёр сургууль, хоёр цэцэрлэг ашиглалтад орно. Тэгвэл Баянгол дүүргийн 9 дүгээр хороо буюу гэр хороололд баригдсан 640 хүүхдийн суудалтай 146 дугаар сургууль, дүүргийн 11 хороонд шинэчлэн баригдсан 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 30 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Нийслэлийн 146 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НБГ-ын орлогч дарга Л.Буянтогтох, 146 дугаар сургуулийн захирал Д.Нямсүрэн болон холбогдох албаныхан, сургуулийн багш ажилчид, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Гэр хороололд 10 айлын газар дээр шинэ сургууль бослоо
Нийслэлийн 146 дугаар сургуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус сургуулийн багш ажилчид болон нийт суралцагчдад баяр хүргэж, амжилт хүсээд “Шинээр ашиглалтад орж байгаа 146 дугаар сургууль нь 3500 м2 талбайтай, 3 давхар, дулаан, цахилгаан, төвийн шугамд бүрэн холбогдсон орчин үеийн сургууль ашиглалтад орж байна. Ирэх жил сургууль орчмын 400 метр авто зам, авто машины зогсоол зэрэг тохижилтын ажлыг иж бүрнээр нь хийж гүйцэтгэнэ. Холбогдох бэлтгэл ажлыг хангасан. Энэ сургуулийг Баянгол дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар санаачлан бариулсан. Ингэхдээ 10 айлын газрыг чөлөөлж, сургуулийн барилгын санхүүжилтийг улсын төсөвт тусгуулснаар “Бат комплект” ХХК барьж ашиглалтад орууллаа. Барилгын ажлыг гүйцэтгэх үед олон асуудал тулгарч байсан. Газар чөлөөлөлтийн ажил, дулааны шугам хоолой тавих үед холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах гээд. Энэ бүхэнд УИХ-ын гишүүн болон түүний ажлын алба, холбогдох хүмүүс хичээл зүтгэл гаргаж ажилласан. Ингэснээр өнөөдөр энэ сургууль ашиглалтад орж байна. Энэ сургуулийг барихад идэвх зүтгэл гаргасан бүх хүнд баярлалаа. Мөн манай дүүрэг энэ жил ЭЕШ-ын дүнгээрээ нийслэлдээ хоёрдугаар байранд орсон. Иймд багш сурган хүмүүжүүлэгчид, нийт суралцагчид та бүхэндээ амжилт хүсэж, тэргүүний сургууль болоорой гэж ерөөе” гэсэн юм.
Нийслэлийн боловсролын газрын мэдээлснээр Улаанбаатар хотод улсын сургуульгүй 100 гаруй хороо байдаг бөгөөд 146 дугаар сургууль шинээр ашиглалтад орсноор Эрдмийн ундраа, 113 дугаар сургуулиудад 3 ээлжээр хичээллэж байсан 9, 21 дүгээр хорооны 600 гаруй сурагч орчин үеийн, тохилог анги танхим, 450 метр талбайтай спорт заал бүхий хичээлийн байранд сурч боловсрох боломж нөхцөл бүрдэж байгаа юм.
30 дугаар цэцэрлэгийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, 3 хорооны 280 гаруй хүүхэд СӨБ эзэмших боломжтой боллоо
Дараа нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд шинэчлэн баригдсан 30 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болсон. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НБГ-ын орлогч дарга Л.Буянтогтох болон холбогдох албаныхан мөн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Тус цэцэрлэг нь 1964 онд 22 дугаар ясли нэртэй анх байгуулагдаж байсан бөгөөд хичээлийн байр нь хуучирч муудсан учраас 2018 онд буулгаж, барилгын ажлыг шинээр эхлүүлсэн юм.
Улмаар БГД-ээс УИХ-д хоёр удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар санхүүжилтийг нь улсын төсөвт суулгуулснаар “Зэндмэнэ суварга” ХХК орчин үеийн шинэ технологи буюу металл фасад технологийг ашиглан барилгын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгсөн. Ингэснээр 58 жилийн түүхтэй тус цэцэрлэгийн хүчин чадал нэг дахин нэмэгдэж дүүргийн 11, 12, 22, 23 дугаар хорооны 280 хүүхэд 12 бүлэгт суралцан СӨБ-ыг эзэмших боломж нөхцөл бүрдэж байна.
Түүнчлэн дээрх бүс буюу Баянгол дүүргийн 11, 12 дугаар хорооны нутагт 30, 57 дугаар цэцэрлэгээс гадна 28 дугаар сургууль байдаг бөгөөд шороон замтай учраас иргэд, оршин суугчид явахад хүндрэлтэй байсан. Тэгвэл Баянгол дүүргийн 11, 12 дугаар хороо, БАА-2 дугаар гудамж, 30 дугаар цэцэрлэгээс “Өргөө” гудамж хүртэлх 1,2 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 400 метр орчим замыг “Нано экологи” ХХК нь шинээр тавиад байна. Ингэснээр долоон метрийн өргөнтэй, хоёр талаараа 1.5 метр явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн тохижуулсан зам ашиглалтад ороод байна. Бүтээн байгуулалтын энэ ажил ирэх жил үргэлжлэх бөгөөд үлдсэн 800 орчим метр замыг гэр хороолол руу үргэлжлүүлэн тавих юм.