У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Угаарын эрсдэл буурсан ч тайвшрах хэмжээнд хүрээгүй
Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх “Мартаж болохгүй” аян өнөөдрөөс эхэлж байна. 2016 оноос 2021 оны хугацаанд нийслэлийн хэмжээнд 12 378 удаагийн объектын гал түймрийн дуудлага бүртгэгдэж , 102 том хүн, 32 хүүхэд галын улмаас амиа алджээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өдөрт наймаас арван удаа гал түймрийн дуудлага ирдэг. Харин өнгөрсөн долоо хоногт 45 дуудлага ирсэн нь 2021 оны хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Амралтын өдрүүдэд таван хүн гал түймэрт өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн сүүлийн үед гал болон угаарын хийнд өртөж амиа алдах эрсдэл ихэсч байна. Тухайлбал, СХД-д 12, БЗД-д 11, БГД-д зургаа, Чингэлтэй дүүрэгт тав, ХУД-т дөрөв, Багануур дүүрэгт нэг өрх угаарын хордлогод өртсөн дуудлага иржээ. Тиймээс “Мартаж болохгүй” аянаар дамжуулж иргэдийнхээ амь насыг авран хамгаалах, гал түймрээс сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой ажил өрнүүлж байна" гэлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн " 2020-2021 онд 786 хүн угаарын эрсдэлд өртсөн. 2021 оны галлагааны улирал эхэлснээс хойш 120 орчим дуудлага ирээд байна. Угаарын эрсдэл буурсан ч тайвшрах хэмжээнд хүрээгүй. Өмнө нь иргэд сайжруулсан түлш хэрэглэхэд мэдээлэл дутуу байсан бол одоо угаар мэдрэгчээ авч өрх бүр өөрсдөө хэрхэн эрсдэл багатай байх тал дээр анхаарч хамтын хүчээр энэ аюул ,эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй" гэв.