У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Ч.Буянжаргал: 200 гаруй иргэнийг угаарын хийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийллээ
“Таван толгой түлш” ХХК-аас 8600 айлд дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг суурилуулжээ. Уг дамжуулагчийг суурилуулснаас хойш буюу 12 хоногийн хугацаанд 58 айлаас угаарын хий ялгарсан гэх мэдээ ирсэн байна. Цаашид угаарын хийн өндөр эрсдэлтэй 63 мянган өрхөд тус дамжуулагчийг суурилуулах аж. Энэ талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн долоо хоногт угаарын хий дамжуулагчийн тусламжтайгаар 58 өрхийн 200 гаруй иргэнийг угаарын хийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийллээ. Иргэд угаарын хий дамжуулагчаа зөвхөн гал түлэх үедээ ажиллуулах тохиолдол зонхилж байна. Бусад үед нь тог, цахилгаан үрээд байна гэх шалтгаанаар тэжээлээс нь салгах тохиолдол олон гарчээ. Засгийн газраас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан тул угаарын хий мэдрэгчээ салгахгүй байхыг иргэдэд сануулъя. Хяналтын баг таны гэрт угаарын хий мэдрэгдэж буй эсэхийг 24 цагийн турш дэлгэцээр хянаж байгаа тул дамжуулагчаа салгаж болохгүй” хэмээн иргэдэд анхаарууллаа.
Мөн угаарын хий мэдрэгчээ эвдэх, зарж борлуулсан хүн ч бий гэнэ. Тус угаарын хий мэдрэгчийг өрхөд нэг л удаа үнэ төлбөргүй олгож байгаа бөгөөд эвдсэн, худалдсан тохиолдолд өөрсдөө худалдаж авах учиртайг албаныхан сануулж байв.